“ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
“ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох, төсөл хэрэгжүүлэх талбайг нөхөх олговортойгоор улсын мэдэлд авах, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд эдгээр эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах эрх зүйн орчин бүрдсэн. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор тус яамнаас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг үндэслэн “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийг боловсруулсан. “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төсөлд зарим нэр томъёоны тодорхойлолт, нөхөх олговрын хэмжээг тогтоох зарчим, хэн, ямар зүйлийг хэрхэн үнэлэх, нөхөх олговрын төлбөрийг хэн хариуцах, гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан. Журмын төсөл нь 8 зүйлээс бүрдэнэ. Нөхөх олговрын үнэлгээнд төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь өмчлөх, эзэмших эрх бүхий газар, чөлөөлөх газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, газар чөлөөлөх зардал, түр суурьшуулах зардал, ажлын байр бүхий этгээдийн газар чөлөөлж, гурван талт гэрээнд заасан хугацаанд олох үйл ажиллагааны ашгийг хамруулан тооцох ба төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд харилцан тохиролцож, бүхэлд нь эсвэл хэсэгчлэн сонгож болохоор журмын төсөлд тусгасан. Мөн нөхөх олговрын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжид заасан зарчим, аргын дагуу, эрх бүхий үнэлгээчин хийхээр журмын төслийн 5-д нарийвчлан тусгалаа. Газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцаа ипотек, өр төлбөр, холбогдох бусад үүргийг тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч хариуцах бөгөөд нөхөх олговорт оруулж тооцохгүй байх, нөхөх олговор тогтоохтой холбоотой зардлыг үнэлгээ хийлгэгч тал хариуцах, олгох хугацаа, хэмжээг гурван талт гэрээгээр зохицуулах тухай заалтыг журмын төслийн 5, 6 дугаар зүйлд тусгасан. Төр, иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан гурван талт гэрээний дагуу нөхөх олговрыг олгох, нөхөх олговрыг ямар нөхцөлд төсөл хэрэгжүүлэгч хариуцах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын нөхөх олговортой холбоотой эрх, үүргийг тодорхойлж, мөн гомдол, санал, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар журмын төслийн 6, 7, 8 дугаар зүйлд тусгасан болно. “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төсөлд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, зураг төсөл, барилга угсралтын аж ахуйн нэгжүүд болон “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дахь үе шатны төсөл”-ийн багаас ирүүлсэн саналуудыг тусгаж, олон нийтээс санал авахаар Барилга, хот байгуулалтын яамны вебсайтад байрлууллаа. “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төсөлтэй танилцаж, саналаа Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Дондмаа, Б.Гоёсайхан нартай 51-261427 утсаар холбогдож эсхүл <dondmaa@gmail.com>, <goeo_azaz@yahoo.com> цахим хаягаар 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор ирүүлнэ үү. Журмын төслийг ЭНД-с татаж авна уу.