БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ ДАДЛАГАЖУУЛАХ, ТУРШЛАГА СУДЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Япон Улсын Шизүока мужийн Засгийн газрын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн менежер Ясуцоши Майшима тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзан, барилгын салбарын ажиллах хүчнийг дадлагажуулах, туршлага судлах, хүний нөөцийн чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Монгол улсын Барилгын салбар 70 мянга орчим ажиллагсадтай, барилгын бүтээн байгуулалтын улирал эхлэх үед ажиллах хүчний тоо 100 мянгад хүрэх тохиолдол бий. Энэ жил Барилгын салбарт түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Энэ хэрээр барилгын салбар ачаалалтай байхын зэрэгцээ ажиллагсдын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээ өсөх хандлага ажиглагдаж байгааг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн онцлоод Япон улсын Шизүока мужтай барилгын салбарын ажиллах хүчнийг дадлагажуулж, сургах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Япон улсын Шизүока мужаас ирэх аравдугаар сард Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хоёр талын хамтарсан уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд ААН, компаниудын бизнес уулзалтыг хийж, харилцан бизнесийн туршлага судлах юм. Түүнчлэн Барилгын салбарт ажиллаж буй ажиллах хүчнийг Шизүока мужид богино хугацаагаар дадлагажуулах, Япон хэлний мэдлэгтэй бакалаврын зэрэгтэй Монгол залуусыг тус мужийн хувийн хэвшлийн ААН, байгууллагад үндсэн ажилтнаар ажиллуулах арга хэмжээг зохион байгуулах аж. 

Дээрх арга хэмжээнд дэвшилтэд техник технологийн бүтээгдэхүүн танилцуулж, Японы мэргэжлийн байгууллагыг Монголын барилгын салбарын мэргэжлийн холбоодтой холбож, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн илэрхийлсэн юм. 

Монгол улсын Барилгын салбарын их дээд сургуулийн оюутнуудыг мэргэжлийн ажилтан бэлтгэх сургуульд суралцах явцдаа ажиллах боломжийг хангах, Барилгын ажил зогсож, эхлэх хүртэлх хугацаанд Монгол улсад дадлагажуулах сургалтыг зохион байгуулан, Япон улсад очоод шууд ажлын байраар хангах, Мөн урт хугацаанд гэрээ байгуулан ажиллах, Монголын томоохон компаниудаас баталгаа гаргах зарчмаар ажилтнуудыг хамруулах, эсвэл шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох зэрэг олон талаар хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр онцоллоо. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
 
 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан