Х.Баделхан: 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавьсан

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2019.05.21/ хуралдаанаар "Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээлэл сонслоо. 

Манай улсад 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын салбарын, 20 гаруй мянга нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад байгаа аж.

Төрийн албан хаагчид дунджаар 60-70 ам.метр талбайтай, ам.метрийг нь 1.2 сая төгрөгөөр худалдан авах сонирхолтой байна гэж сайд мэдээллээ.
Мөн судалгаагаар 20 гаруй мянган төрийн албан хаагч орон сууц түрээслэн амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн 1512 орон сууцны сан бүрдүүлсэн бөгөөд тэрхүү орон сууцны 25 хувь буюу 325 орон сууцанд төрийн албан хаагчид амьдарч байгааг сайд мэдээлэлдээ дурдсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айлын, нийслэл хотод 972 айлын, нийтдээ 1542 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна гэлээ.

Засгийн газраас эдгээр орон сууцыг түрээсээр олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд 414 айлын орон сууцыг төрийн албан хаагчид олгох боломж бүрдэх аж. Мөн БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Баянголын ам, "Солонго-1”, "Солонго-2” хорооллуудыг дэд бүтцийн хамт барьж байгуулах бөгөөд энэ хөрөнгөөр ашиглалтад орох 7000 гаруй айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглаж боломж бий болох юм байна. Үүнээс 750 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад олгоно хэмээлээ. Мөн БНХАУ-ын 350 сая юаний буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, эдгээр орон сууцуудыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийг түр суурьшуулах зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан байна. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэн амьдарч буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэл жилийн хугацаанд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах боломж бүрджээ.

Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээс хойш нийтдээ 69 мянган зээлдэгчид 3.3 их наяд төгрөгийн зээл авснаас боловсролын салбарын 9.1 мянга, эрүүл мэндийн салбарын 4.2 мянга, бусад төрийн байгууллагуудын 16.8 мянган албан хаагч орон сууцтай болсон байна.

Тус яамнаас Улаанбаатар хотод 100 мянган айлын, орон нутагт 50 мянган айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буй бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавиад байна гэж сайд мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд ипотекийн зээлийн олголт хангалтгүй байгаа, шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үнэ буурах бус өссөөр байгаа, иргэдийн орон сууцжуулах, утааг бууруулах асуудлаар УИХ-аас тогтоол баталсан ч хэрэгжихгүй байгаа асуудлыг хөндөж байлаа. Тиймээс яриад өнгөрөх бус Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, батлах нь зүйтэй гэсэн санал ч мөн гарч байсан.

Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлснээр, зах зээлд орон сууц байгаа ч иргэд худалдан авах мөнгөгүй байгаа аж. Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулах асуудлаар УИХ тогтоол баталсны дараа тус яамнаас орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийжээ. Тухайн үед 5822 орон сууц бэлэн байсан ч төсвийн албан хаагчид ам.метр талбайн үнийг 1.2 саяас доош байлгах хүсэлтэй байсан аж. Барилгын компаниуд банкнаас өндөр хүүтэй бизнесийн зээл авснаас байрны үнээ буулгах боломжгүй гэдгээ мэдэгдэн, мөнгөний асуудал шийдэгдээгүйгээс төрийн албан хаагчдад хямд үнэтэй орон сууц авах бололцоо бүрдээгүйг тэрбээр дурдаж байсан.

Ипотекийн зээл гурван эх үүсвэрээр олгож байгаа гэж Х.Баделхан сайд хэллээ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 айлд 114 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үел 708 айлд 54 тэрбумын зээл олгож байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа гэж тэрбээр тайлбарлаж байлаа.
Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэж буй асуудлыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг Эдийн засгийн, Өргөдлийн байнгын хороотой хамтран байгуулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан