“БАРИЛГА, ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН 2019-2020 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ БАЙГУУЛЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр барилга, нийтийн аж ахуйн салбарын ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөлтэй  “Барилгын салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээр” болон “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээр”-ийг байгуулж, гарын үсэг зурлаа. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.4.2 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрийг үндэслэн “Барилгын салбарын хамтын хэлэлцээр” болон “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хамтын хэлэлцээр”-ийг жил бүр байгуулан, үр дүнг хэлэлцдэг юм. 

Дээрх хоёр салбарын хамтын хэлэлцээрийг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны А/41 дугаар тушаал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын 2019 оны 01/168, 02/33 дугаар итгэмжлэл, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр тогтоол болон Хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Тэргүүлэгчдийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан төлөөлөгчид хамтран хэлэлцэж боловсруулжээ. 

Уг хамтын хэлэлцээрт хууль дүрмийн хэрэгжилтийн хүрээнд барилга, нийтийн аж ахуйн салбарын ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих, барилгын чанарт хэрхэн хяналт тавих, салбарын нийт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийг тусгасныг БХБ-ын сайд Х.Баделхан онцоллоо.

Жил бүр Барилга болон орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хамтын хэлэлцээрийг байгуулдаг бөгөөд 90 гаруй хувийн биелэлттэй хэрэгжиж ирснийг арга хэмжээний үеэр илэрхийлсэн юм. 

Барилгын салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээр нь 7 бүлэг, 49 заалт, Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээр нь  7 бүлэг, 32 заалттай. Барилга, орон сууц, нийтийн салбаруудын хамтын хэлэлцээрийг 2019-2020 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, биелэлтийг ханган ажиллах юм. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан