Х.Баделхан: Газар бол тухайн улс орны оршин тогтнох үндэс
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Бүгд найрамдах Турк улсын геодезийн инженер, бизнес эрхлэгчдийн холбоогоор ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Бүгд найрамдах Турк улсын геодезийн инженер, бизнес эрхлэгчдийн холбоо, Кона мэдээлэл технологийн их сургуулийн профессор, Газрын бүртгэл, кадастрын ерөнхий газрын Зурагжуулалт, зураг зүйн хэлтсийн төлөөлөгчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Хот байгуулалтын кадастр, газрын кадастрын чиглэлийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах, санал солилцох, хамтран ажиллах зорилгоор энэ өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
Энэ хугацаанд Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Татварын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
БХБ-ын сайд Х.Баделхан БНТУ-ын геодезийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтдийг хүлээн авч уулзан, газрын кадастр, геодези зураг зүйн чиглэлээр харилцан ярилцаж, санал солилцлоо.
Тухайн улс орны оршин тогтнох үндэс нь газар байдаг. Иймээс газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Засгийн газраас анхаарч, газрын харилцаа, кадастрын чиглэлээр чухал шийдвэр гарган ажиллаж байна. Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын их хуралд өргөн барих гэж байгааг Сайд Х.Баделхан онцоллоо.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яам төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд анхаарч төрийн зарим чиг үүргийн ТББ, мэргэжлийн холбоодод даатган, гүйцэтгүүлж байна. Геодезийн салбарын хувийн хэвшил, ААН, байгууллагыг салбар яамнаас дэмжиж ажиллаж байгаагийн зэрэгцээ 200 гаруй ААН, байгууллага, иргэн энэ чиглэлээр ажиллаж байгаа юм.
Бүгд найрамдах Турк улс газрын кадастрын олон хүндрэлтэй асуудлыг шийдсэн баялаг туршлагаа хуваалцан, хамтын харилцаагаа өргөжүүлэх бэхжүүлж, нягт хамтран ажиллахыг Сайд Х.Баделхан онцлоод БХБЯ цаашид бүхий л талаараа дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Газрын кадастрын мэдээллийн санг шинэ түвшинд гаргаснаар иргэдийн өмчлөл, цаашлаад улс орны хөгжилд чухал нөлөөтэй. БНТУ сүүлийн 10 гаруй жилд газрын харилцаанд үүссэн асуудлыг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд шийдэж, ирэх 30 жилд хүрэх үр дүндээ таван жилийн дотор хүрч чаджээ.
Тус улсын төрийн байгууллагын хооронд уялдаа холбоо дутмаг, мэдээлэл авахад хүндрэлтэй зэрэг асуудал үүссэн бөгөөд 2004 оноос эхлэн Төрийн байгууллагууд хувийн байгууллагатай хамтран ажилласнаар тулгараад байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд ахиц гарсныг Бүгд найрамдах Турк улсын геодезийн инженер, бизнес эрхлэгчдийн холбооны удирдлагууд илэрхийлсэн юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ