Бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжийн асуудлаар хэлэлцэж, 200 гаруй төлөөлөгч санал бодлоо хуваалцлаа

Барилга, хот байгуулалтын яамнаас “Бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, МХЕГ, УСУГ, Барилгын хөгжлийн төв, ААН, байгууллагын төлөөлөл, судлаач, эрдэмтэн, инженер техникийн ажилтнууд зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож, санал бодлоо хуваалцсан юм. 

Хэлэлцүүлгийг нээж БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар үг хэлэхдээ “БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг, Азийн хөгжлийн банк болон Польш улсын Засгийн газрын санхүүжилтээр орон нутагт дэвшилтэд техниологи бүхий биологи цэвэрлэгээний өндөр бүтээмжтэй цэвэрлэх байгууламж барьж байна. Шинэ цэвэрлэх байгууламжийг тухайн орон нутгийн хэрэглээний түвшинд нийцүүлэн өргөжүүлэх боломжтой. Ийнхүү Цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход ААН, байгууллагууд стандарт хангасан ус, химийн бохирдолгүй ус нийлүүлэх шаардлагатай байгааг хэлээд хамгийн их ус бохирдуулж буй арьс шир боловсруулах үйлдвэр, ААН-үүд стандартаа мөрдөж, хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулсан юм. 

Өнөөдрийн хэлэлцүүлгийн эхэнд БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн “Бохир ус цэвэрлэх байгууламжийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьсан. 

Өнөөдөр арьс, шир боловсруулах үйлдвэрүүд дэргэдээ урьдчилсан цэвэрлэх байгууламжгүй, байгаа нэг нь стандарт шаардлага хангахгүй байна. Түүнчлэн нийслэлийн орон нутгийн өмчит “Харгиа” урьдчилсан цэвэрлэх байгууламж шаардлага хангахаа больж, хэт их бохирдолтой, химийн хүнд элементүүдтэй усыг Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлснээр үйл ажиллагаанд хүндрэл учирч байна. Ингэж доголдолд орсноор Туул гол руу нийлүүлдэг стандартын шаардлага хангасан, MNS 4943 усыг гаргаж чадахгүй, байгальд нийлүүлж байгаа нь хүний эрүүл орчинд амьдрах нөхцөл болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг тэрээр дурьдлаа.  

Иймээс олон талын арга хэмжээг салбар яамнаас авч хэрэгжүүлж байгааг БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн хэлсэн юм. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлаас гадна 50 гаруй жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд лагийг бордоо болгож, бордоог ургамал, ногоо тарьж болох эсэх  туршилтыг хийжээ. Мөн лагийг усгүйжүүлэх арга хэмжээ авч байгаа юм. 

Хэлэлцүүлгийн үеэр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль ирэх зургаадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд үндсэн хоёр зарчим баримтлах юм. Тухайлбал бохирдуулагч нь төлбөр “төлөгч” харин ашиглагч нь “хамгаалагч” байх зарчимд суурилжээ. 

50 шоо метрээс бага буюу аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтооно. Ингэхдээ үйлдвэр үйлчилгээний салбар бүрээс усны хэрэглээний норм хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хот суурины ус хангамж ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно гэж заажээ.

Мөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэн усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт шилжилгээ хийх нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. Орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл засвар үйлчилгээнд зарцуулна гэж тусгажээ. Харин хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн  нэгж,  усны стандарт тогтоосон норм нормартивыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болох юм байна.

Оролцогч талууд, ААН, байгууллагууд, судлаачдын зүгээс Үйлдвэрлэлийн хаягдал усны цэвэрлэгээ, технологи, Бохирдуулагч үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, Улаанбаатар хотын төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид хийсэн хяналт шинжилгээний дүн, Лагийн стандартын төслийн талаар хэлэлцүүлж, Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж, Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх судалгаа, Үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн дэвшилтэт технологи, Ус цэвэршүүлэх болон бага хүч чадалтай бохир ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүд, Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааны талаарх танилцуулга хийгдлээ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

ЗОЧИН[0:0:0:0:0:0:0:1]

Хэзээ болоод өнгөрвөө.Энэ сарын 8-н гэж хэдэн оны хэдэн сар вэ....Орон нутгийн төлөөлөгчдөд хамаагүй юмуу.

2021-05-11 07:59:05 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан