Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан /2019.4.15/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын ус хангамж, ариутгах татуурга, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөх Эваристе Коуасси-Комлан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Коста-Рика Улсын Сан-Хосе хотод энэ сарын 4-5-ны өдрүүдэд тус улсын Засгийн газар, салбарын сайд нарын “Хэнийг ч орхихгүй” сэдэвт хуралд оролцох үеэр НҮБ-ын Хүүхдийн сан, Ус хангамж, ариутгах татуурга, эрүүл ахуйн түншлэлийн байгууллагаас салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлийг хийх зэрэг чиглэлд санхүүжилт, техник туслалцааны дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ.
Уг хүсэлтийг хүлээн авч, дэмжлэг үзүүлэхээ дээрх байгууллагууд илэрхийлснийг Бүсийн зөвлөх Эваристе Коуасси-Комланы Монгол Улсад хийсэн энэ удаагийн уулзалтын үеэр дахин нотолж, дараах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.
-Салбарын статистик тоон мэдээг цуглуулах аргачлалыг боловсронгуй болгон улсын хэмжээнд дахин судалгаа хийж дүгнэлт гаргах
-Сум, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын нөхцөл байдлыг сайжруулах технологийн шийдлийг олох
-Сумын төвийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээгээр хангах, сайжруулах чиглэлд загвар төслийг хэрэгжүүлэх
-Салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох; тухайлбал, стратегийн баримт бичиг боловсруулах
-Салбарын боловсон хүчнийг чадавхижуулах
Уулзалтаар ус хангамж, ариутгах татуургын асуудал эрүүл мэнд, боловсролын салбарт болон статистик тоон мэдээний хувьд ямар түвшинд байгаа талаар тодорхой мэдээлэл солилцлоо.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ