Залуу инженерүүд ур чадвараараа өрсөлдлөө
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, зураг төслийн "Бьюлдингс Текноложи" ХХК хамтран барилгын бүтээцийн тооцооны "Лира САПР программын тооцоо" сэдэвт уралдааныг гурав дахь удаагаа зохион байгууллаа.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг уг уралдаанд нийт 14 конструктор инженерүүд оролцож Лира САПР программыг хэрхэн эзэмшсэн зэрэг ур чадвараараа өрсөлдсөн юм.
1-р байр "Марс констракшн" ХХК-ийн ахлах инженер Б.Ганбаяр
2-р байр "Татбос" ХХК-ийн инженер М.Зандаръяа
3-р байр "Хаус констракшн" ХХК-ийн инженер Ч.Содбилэг нар шалгарч шагналыг БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар гардуулан залуу инженерүүдэд амжилт хүслээ.
Тэмцээний тэргүүн байрны эзнийг 5400 еврогийн үнэ бүхий Лира САПР-2018 ПРО программыг албан ёсны эрхийн хамт, дэд байранд шалгарсан оролцогч зөөврийн компьютер, гуравдугаар байранд шалгарсан оролцогчийг зөөврийн "хард диск"-ээр тус тус шагнан урамшуулсан юм.
Монголын барилгын конструктор инженер, тэр тусмаа залуу инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Лира программын тэмцээнийг 2011, 2015 онд зохион байгуулж байсан юм. Жилээс жилд залуу инженерүүдийн ур чадвар улам сайжирч байгааг шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр онцолж байлаа.
Манай улсын барилгын зураг төслийн байгууллагууд 1980 оны сүүл үеэс эхлэн зураг төсөл, хайгуулын ажилдаа компьютерийн программ хангамжуудыг ашиглаж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар нийт 100 орчим зураг төслийн компани албан ёсны эрх бүхий барилгын тооцооны Лира программ хэрэглэж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ