Монгол улсад анх удаа брайль газрын зураг зохиож хэвлүүллээ

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дөрвөн төрлийн брайль газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд хүлээлгэн өглөө. 

БХБЯ, ГЗБГЗЗГ-аас санаачлан Монгол улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан 4 төрлийн брайль газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлээд 116-р сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхэгийг хүлээлгэн өглөө. Үүнд:
1. Дэлхийн газрын зураг,
2. Монгол орны засаг, захиргааны зураг,
3. 116 дугаар сургууль орчмын тойм зураг,
4. 116 дугаар сургуулийн хашаан доторх тойм зураг.

Брайль газрын зургийг харааны бэрхшээлтэй сурагч, иргэдийн онцлог, тэдний мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээнд нийцүүлсэн бөгөөд хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичиж, харин харааны тодорхой хувийн алдагдалтай сурагч, иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн юм.

Эдгээр брайль газрын зургаар дамжуулан сургуулийн ойр орчмын газар орны байдал, өөрийн улсын болон аймгуудын байршил, хэлбэр, хэмжээ, дэлхийн улс орнууд, тив, далай тэнгис хаана байрлаж байгааг мэдэж авч, газар зүйн мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Харааны бэрхшээлтэй сурагчид маань 116-р сургууль орчмын брайль газрын зургийг ашиглан автобусны буудлаас сургууль хүртэл ирж, 116-р сургуулийн хашаан доторх брайль газрын зураг ашиглан сургуулийн хашаан дотор ганцаараа ч явах боломжтой боллоо.

Цаашид аймаг, сум, Улаанбаатар хоттой илүү их ойр танилцах боломж олгохоор БХБЯ, ГЗБГЗЗГ-аас 2019 онд “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас” зохиож, хэвлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

                                                                                             БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан