Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын хүрээнд өнөөдөр Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчидийг Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Билэгжаргал, Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Н.Дорж болон бусад албаны хүмүүс
хүлээн авч уулзлаа. Энэ үеэр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Герман улс, тэр дундаа Берлин хоттой бид шат шатандаа хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Одоогоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн журмаар мэргэжилтнүүдээ тэнд бэлдэж байгаа. Мөн газрын гүний дулааныг ашиглах асуудлыг судлах зорилгоор Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Н.Дорж нар танай улсад туршлага судлаад ирсэн. Бид цаашдаа мэргэжилтнүүдээ танай улсад сургалтад хамруулах, газрын гүний дулааныг ашиглах тал дээр илүү хамтарч ажиллах хүсэлтэй байна" гэв. Дашрамд дурьдахад Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Н.Дорж герман хэлээр ажлаа танилцуулахдаа төрөлх хэл шигээ эзэмшсэн нь зочдод туйлаас таатай байж, уулзалтыг улам чимсэн төдийгүй Монголчуудыг нутагтаа урьж суралцуулах сэдэл нэмсэн нь анзаарагдлаа.
Берлин хотын захирагч Михаель Мюллер "Бид танай улстай хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно. Барилга хот байгуулалтын яамны зүгээс гаргаж байгаа саналыг ч гэсэн дуртайяа хүлээн авч байна” гэлээ.