БХБ-ын сайд Х.Баделхан АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БХБ-ын сайд Х.Баделхан Майкл С.Клеческиг Монгол улсад суух элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ. Түүнчлэн Монгол улс, АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч “Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд” хүрэхээр ажиллаж, үүний дотор барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байгаад нэн таатай байгаагаа илэрхийллээ. Монгол улсын засгийн газрын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээр “Ус хангамж, бохир усыг дахин боловсруулах үйлдвэрт ашиглах” үйлдвэрийн төслийг АНУ-ын Мянганы сорилтын корпораци санхүүжүүлж, хамтран ажиллахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Өчигдөр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлж шав тавьсан бөгөөд Мянганы сорилтын корпорациас лагийн менежментийн төлөвлөгөө, төв цэвэрлэх байгууламжийн захиалагчийн ажлын даалгаварын төсөл зэрэг чухал бичиг баримт бичгүүдийг боловсруулан техникийн дэмжлэг үзүүлсээр байгаад сайд Х.Баделхан талархаж буйгаа онцолсон юм. Мөн Мянганы сорилтын корпорацитай хамтарсан төслийг хэрэгжүүлэх хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн лабораторийн ажилтнуудыг сургах, мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахыг элчин сайдаас хүслээ.
АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа хэлээд элчин сайдаар томилогдсноос хойш хоёр дахь сайдтайгаа уулзаж өргөн хүрээний асуудлаар санал солилцсондоо баяртай байгаагаа хэллээ. Тэрээр Мянганы сорилтын корпораци болон элчин сайдын яамны зүгээс боломжит бүх талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн бөгөөд АНУ-д хоёр долоо хоногийн хугацаатайгаар ажилтнуудыг сургах, чадавхжуулах ажлыг зохион байгуулж хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ