ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар болон нийт алба хаагчид удахгүй болох гэж буй сар шинийн баярыг тохиолдуулан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Сайд Х.Баделхан ахмадуудад хандан:

“Эрхэм хүндэт ахмад барилгачид Та бүхэнд “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.

Улс эх орны түүхэн цаг үеүдийн зорилт, бүтээн байгуулалтад үе үеийн ахмад барилгачдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. 

Та бүхний маань эрх ашгийг хамгаалах, ажил мэргэжил, арга туршлагыг тань сурталчлах, өвлүүлэх, дурсамж сэтгэгдлийг нь авах, түүх намтрыг нь үлдээх, амьдралд нь дэмжлэг үзүүлэх, шагнал урамшуулалд хамруулах, амралт сувилалд амруулах зэрэг олон талт арга хэмжээг хариуцан ажилласаар ирсэн “Монголын барилгын салбарын ахмадын хороо” ТББ  анх үндэс сууриа тавьснаас хойш эдүгээ 25 жилтэйгээ золгож байна.

            Барилгын салбарын түүхэн үйл хэрэг, хөдөлмөрч хүмүүсийн туулсан замнал, ахмад барилгачдын хурааж хуримтлуулсан баялаг туршлага залуу хойч үедээ сургамж болон мөнхрөн үлдэх чухал ач холбогдолтой билээ.

            Улс орны өнгө төрх, хөгжил цэцэглэлтийг баригдсан барилга байгууламжаар шинждэг билээ. Энэхүү хөгжил цэцэглэлтийг та бүхэнгүйгээр төсөөлөх аргагүй. Та бүхний алдар гавъяа хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнэтэй хэвээр байх болно.

            Бүх ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.

Мөн тэрээр өнгөрсөн онд хийгдсэн томоохон төсөл, арга хэмжээ, болон энэ онд хийгдэх ажлуудынхаа талаар товчхон дурдаж, цаашид ахмадуудынхаа үгийг сонсож, үнэтэй зөвлөгөөг нь авсаар байх болно гэсэн юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан