БХБЯ, Нийслэлийн удирдлагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцэв

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй салбарын удирдлагууд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй хотын удирдлагуудтай уулзаж нийслэлд 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар санал солилцлоо. Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт  800 тэрбум  356  сая  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар,  хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна.  Улсын болон нийслэлийн төсөвт БХБЯ болон нийслэлээс хамтран хийх олон арга хэмжээ төсөвт тусгагдсан. Үүнд: Боловсролын салбарт 1,310 ор бүхий цэцэрлэгийн 7 барилгыг ашиглалтад оруулна. Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана. Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулна. Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.  Нийслэлд 2018 онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөгийн, дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд 5 .0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.  Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500.0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.

Мөн Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эхлүүлэн эхний ээлжинд газрыг чөлөөлөх зэрэг үйл явц өрнөж байгаа аж. Түүнчлэн 2020 он хүртэлх орон сууцны дэд хөтөлбөрийн хөгжлийн зорилтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж буй “Сервис центр” төслийг амжилттай ажил хэрэг болгож гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын явцын талаар хоёр тал санал солилцож ажлаа танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд энэ үеэр 2015 онд БХБ-ын сайдаар З.Баянсэлэнгэ ажиллаж байхдаа  2015/234 тоот тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачллыг шинэчлэн баталсан нь эдүгээ газар чөлөөлөх, дуудлага худалдаа зарлахад бодит шаардлагад нийцэхгүй байгаа тул Х.Баделхан сайдыг уг тушаалыг эргэн харж залруулж өгөхийг хүсч байв. Мөн ашиглалтын хугацаа хэтэрсэн, газар хөдлөлтийг тэсвэрлэх чанарын шаардлага хангахгүй 1077 барилгын дулааны шинэчлэл, фасад, дээврийг засах ажилд 50 сая төгрөг төсөвлөсөн байсныг одоогийн Сангийн сайд төсөв хэлэлцэх үеэр хасуулсан нь иргэд, оршин суугчдын эрүүл, тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлд харшлахаар байгааг Засгийн газарт дахин уламжилж асуудлыг хамтран шийдүүлэх санал гаргасан юм.

БХБ-ын сайд Х.Баделхан дээрх асуудлуудыг хамтдаа шийдвэрлүүлэхээр ажиллах, энэ сард багтан батлагдах ипотекийн зээл олгох журмын шинэчлэл нь аль болох олон иргэнд хүртээмжтэй байлгах талаар хамтран ажиллах саналаа дэвшүүлсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд газар чөлөөлөх нөхөн олговорт өнгөрсөн жил 5 тэрбумыг зарцуулсан, энэ жил 15 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж байгааг эргэн харж энэ нь төсөвт тусгасанчлан 50 сургууль, 30 цэцэрлэгийг барих газар чөлөөлөхөд хаанаа ч хүрэхгүй тул өөр гарц хайх цаг болжээ гэсэн юм.

Ийнхүү БХБЯ-ны удирдлага болон Нийслэлийн Засаг дарга, удирдлагуудын энэ удаагийн уулзалт амжилттай өндөрлөлөө.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан