АЗИЙН БҮСИЙН ОРНУУДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ ТЭЭВЭР-БОЭТТ” 11 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ФОРУМ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Бүсийн хөгжлийн төв нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтыг 2005 оноос хойш азийн бүсийн орнуудад зохион байгуулж ирсэн.

ASEAN+4 (Хятад, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол) зэрэг ASEAN гишүүн орнууд, Зүүн, Өмнөд Азийн орнууд, Зүүн Тимор, Исламийн Бүгд Найрамдах Иран Улс, Оросын Холбооны Улс болон Азийн нийт 25 улсыг чуулга уулзалтад оролцуулж, тэднийг боломж, нөөцөө ашиглан тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх арга зам, бодлого, төслүүдээ хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх индэр нь болдог.

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр”-БОЭТТ чуулга уулзалтыг Япон (2005), Индонез (2006, 2013), Сингапур (2008), Бүгд Найрамдах Солонгос Улс (2009), Тайланд (2010), Энэтхэг (2011), Шри Ланка (2014), Непал (2015), Лаос (2017) зэрэг улсуудад тус тус зохион байгуулсан байна.

Энэхүү чуулга уулзалт нь хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулдаг.

НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан олон улсын хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хамтдаа дэлхийн, улсын болон орон нутгийн түвшинд байгууллага хоорондын харилцан уялдааг сайтар хангасан нэгдсэн циклээр үйл ажиллагаагаа явуулах нь үр дүнтэй болохыг зөвлөж, уриалж иржээ. 

Монгол Улсад зохион байгуулах талаар

НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн захирал хатагтай Чикако Таказегаас 2016 оны 12 дугаар сард Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр”-БОЭТТ олон улсын чуулга, уулзалтыг Монгол Улсад хамтран зохион байгуулах хүсэлт ирүүлснийг холбогдох салбарын сайд нар хүлээн авсан.

Ингэснээр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо 2017 оны 03 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд болсон 10 дахь удаагийн форумын үеэр НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн захирал хатагтай Чикако Таказе 11 дэх удаагийн форумыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах болсныг албан ёсоор зарласныг Монголын тал хүлээн авснаа болон 2018 онд зохион байгуулах тухайгаа илэрхийлсэн.

Ийнхүү энэ удаагийн форумыг Улаанбаатар хотноо “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулах асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ удаагийн олон улсын форумд азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгчид оролцож байна. Үүнээс дэд бүтэц, байгаль орчин (1), зам, тээвэр (4)-ийн 5 сайд, 2 дэд сайд, 2 Төрийн нарийн бичгийн дарга, 4 хотын дарга нар болон засгийн газрын 81, олон улсын төрийн бус байгууллага, сургалт судалгаа, банк, санхүүгийн байгууллагын 62 төлөөлөгчид оролцож байна. Тухайлбал:

 БНАЛАУ-ын Нийтийн үйлчилгээ, тээврийн сайд H.E.Mr.Bounchanh Sinthavong, Непалийн Дэд бүтэц, тээврийн сайд H.E. Mr. Raghubir Mahaseth болон бусад төлөөлөгчид болно.

Уг чуулга уулзалтыг зохион байгуулснаар:

  • Азийн бүсийн болон Европ, Америкийн 20 гаруй орны засгийн газар, олон улсын банк санхүү, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид нэг дор чуулж, тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалт, тээврийн бодлогын хувилбарууд, арга хэмжээ, технологийн зохицуулалт, санхүүгийн механизмын талаар хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцах;

 

  • “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисийн хэлэлцээр”, Хабитат III-аас гаргасан “Шинэ хотжилтын хөтөлбөр”, “Бангкок Тунхаглал 2020” болон НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан олон улсын хэлэлцээр, хөтөлбөр, тунхаглалд тусгагдсан зорилтуудад чиглэсэн төслүүдийг хэрхэн тууштай хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж буй талаар болон бусад өргөн хүрээний эдийн засаг, шинжлэх ухаан, техник, технологийн асуудлуудыг танилцуулж, хэлэлцүүлж, санал бодол, мэдлэг, туршлагаа хуваалцах;  

 

  • Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан (тухайлбал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллийг бууруулах болон бусад) ажлуудыг НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас батлан хэрэгжүүлж буй дээрх бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар санал бодлоо хуваалцан хурлаас гарах баримт бичигт тусгуулах;

 

  • Тогтвортой, нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай зам, тээврийн оновчтой шийдлээр Тогтвортой хөгжлийн зорилт-11 (хотыг хүртээмжтэй, аюулгүй, ажрахгүй, тогтвортой болгох)-ийг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, хэлэлцэх, туршлага, мэдлэг хуваалцаж, түгээх;

 

  • Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэсэн хот, хөдөөг холбосон дэд бүтцийн талаарх бодлогын зөвлөмж, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх, далайд гарцгүй орнуудад тулгарч байгаа тээврийн хүндрэл болон боломжуудийг хэлэлцэх;

 

  • Байгаль орчин, хот байгуулалт, зам тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, оролцогч талуудтай хамтын ажиллагааны яриа хэлэлцээ хийх;

 

  • Түүнчлэн Монгол Улсыг аялал жуулчлал, дэд бүтэц, хот байгуулалт, бизнес, хөрөнгө оруулалт болон бусад чиглэлээр сурталчлах, оролцогч орнуудтай эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн болон бусад чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Азийн  орнуудын эв санааны нэгдлийг бэхжүүлэх зэрэг үр дүн, ач холбогдолтой өндөр чуулга уулзалт юм.

Чуулга уулзалтаас гарах “Киотогийн Тунхаглал”-д Тус чуулга уулзалтын хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулан батлах чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан