ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Улсын Их Хурлаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг 2015 онд батлан, хэрэгжүүлж эхлээд 10 жил болж байна.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан гол хууль юм.
Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилт тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч сүүлийн жилүүдэд төв, суурин газарт ялангуяа Улаанбаатар хотод 2000 оноос хойш гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд гэр хороолол шинээр үүссэн, мөн хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор солих, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн байгуулалтад төвлөрүүлэх харилцааг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулахад эрх зүйн орчин хангалтгүй байгаа юм. Мөн
- Төсөл хэрэгжүүлэгч шаардлагатай зөвшөөрөл авах шат дамжлага их, хугацаа их зарцуулдаг
- Газрын эрхийг төсөл хэрэгжүүлэгч шилжүүлэн авах шат дамжлагатай, татвар хураамж их, цаг хугацаа алддаг
- Газрын жишиг үнэлгээ байхгүйгээс шалтгаалж тохиролцоонд хүрч чаддаггүй
- Төсөл хэрэгжүүлэгчийн чөлөөлсөн газар дээр дэд бүтэц барьж байгуулахдаа газар чөлөөлөлтийн зардлыг нь нөхөж төлдөггүй
- Төслийн хүрээнд баригдсан орон сууцны барилгын чанар муу, гадна тохижилт шаардлага хангадаггүй
гэх зэрэг асуудлууд гарч байна.
ХББОСЯ-аас хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний багтай хамтран Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон үзэл баримтлалын төслүүд, холбогдох судалгааг хийсэн. Мөн 2025.11.25-ны өдөр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгуулж хуулийн үзэл баримтлалын төсөл, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг танилцуулж, санал солилцлоо.







