ХОВД АЙМГИЙН ГХБХБГ-ЫН ДАРГА Б.ШИНЭЗОРИГ: МХЕГ ТАТАН БУУГДСАН УЧРААС АЙМАГТ ӨРГӨХ БАЙГУУЛАМЖИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс нар Ховд аймагт ажиллав. Энэ үеэр тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ үеэр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Шинэзориг "Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар татан буугдсантай холбоотойгоор өргөх байгууламжийн улсын байцаагчийн орон тоо аймгийн Засаг даргын тамгын газар болон манай байгууллагад ч батлагдаагүй.
Гэвч 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд 4694 айлын 208 орон сууц барилга ашиглагдаж байгаагаас 7-10 давхар 8 барилга, 10 лифт мөн эмнэлгийн 3 барилгад 3 лифт үйл ажиллагаа явуулж ашиглалт үйлчилгээ хариуцан 1 ААН ажиллаж байна.
Хувийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн дулааны станц, дулаан хангамжийн шугам сүлжээтэй 17 сум суурин байна. Эдгээрийн дулааны сувагт цэвэр усны шугамыг хийлгэсэн байдаг.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2019 оноос хойш, “Шинэ Ховд” үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын 5 багц ажил 2022 оноос хэрэгжиж, түүнд саарал ус зайлуулах, усан хангамж, ариутгах татуургын цуглуулах гол шугам сүлжээний зураг төсөв боловсруулах барих ажил тусгагдан хийгдэж байгаа ч ашиглалт үйлчилгээг хариуцах байгууллага нь тодорхойгүй байна" гэв.
Тиймээс ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан өргөх байгууламжийн хяналтын улсын байцаагч, усан хангамж, ариутгах татуургын хяналтын улсын байцаагч нарын орон тоог батлаж өгөхийг хүсэв.