ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс нар Баян-Өлгий аймагт ажиллав. Улмаар аймгийн удирдлагуудтай уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөлтэй танилцаж, аймагт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга Е.Зангарын зүгээс ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан дараах саналыг илэрхийлэв. Тодруулбал, 2016, 2018, 2022 онд тус аймагт давтамжтай үер бууж 2.2 их наяд төгрөгийн хохирол учиржээ. Өнөөдрийн байдлаар үерийн далангийн дээд болон адаг хэсэг нь хийгдсэн, дунд хэсэг нь хийгдээгүй байгаа учир аймагт дахин үер буувал аймгийн төв хэсэг үерт автах өндөр эрсдэлтэй байгаа учраас уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газар салбар яамтайгаа хамтарч ажилладаггүй. Үүнтэй холбоотойгоор төсөл хөтөлбөрүүд удааширч, улмаар хувийн хэвшлүүдээс гомдол их ирж байгаа талаар” хэллээ. Түүнчлэн 2024 онд улсын төсвөөр баригдахаар тусгагдсан нисэх буудлын өргөтгөлийн барилга ААН-үүдийн маргаанаас болж шүүхээр явсаар эцэст төсвийг нь татуулсан. Ийм ажил гацаадаг компаниудыг хар жагсаалтанд оруулах ёстой талаар хөндлөө.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Цаашид агентлагууд, орон нутгийн удирдлагуудтай уялдаа холбоотой хамтарч ажиллах шаардлагатай. Тулгамдаж буй асуудлуудыг албан тоотоор яаманд хүргүүлэх, гацсан асуудлуудын гарц гаргалгааг гаргах, шат, шатны байгууллагууд ажилдаа эзэн болж шийдвэрлүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай” гэдгийг илэрхийлээд салбар яамтай уялдаа холбоотой, хурдан шуурхай ажиллах үүрэг чиглэл өгөв.