Монгол Улс болон БНСУ хоёрын хамтын харилцааны хүрээнд
БНСУ-ын Барилгын ассоциацийн Дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон яамны төлөөлөгчидтэй уулзаж Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцны төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах боломжуудыг судлахын зэрэгцээ дээрх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх талаар санал солилцлоо.
Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА) нь улсынхаа барилгын салбарыг хөгжүүлэхийн төлөө олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх стратеги үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ын Барилгын ассоциацитай холбоо тогтоож, улмаар тус ассоциацийн Дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь тэргүүтэй төлөөлөгчид МБҮА-ийн ерөнхийлөгчдийн урилгаар 2018 оны 05 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд МУ-д айлчилж байна.
Тус айлчлалын хүрээнд МБҮА болон БНСУ-ын Барилгын ассоциаци нар Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.
Санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээнд МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, Дэд ерөнхийлөгч Б.Хүрэлхүү, Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон бол БНСУ-ын Барилгын ассоциацийн талаас Дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь, Бодлогын хорооны дарга, “Doosan Engineering and Construction” групп-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Те Вон, тус ассоциацийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кан Ён Гиль, ажилтан И Жи Ён нар оролцсон юм.