БАРИЛГЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 96 дугаар тушаалаар байгуулагдсан Барилгын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ын төслийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төсөл боловсруулах, батлуулах хүртэлх холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.01.10/ хуралдлаа.

Тус хурлаар Барилгын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ын төслийн танилцуулга, хуулийн төслийг боловсруулж, батлуулах хүртэлх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Энэхүү хуулийн төслийн зорилт нь барилгын салбарын нэгдсэн бодлогын хүрээнд барилга болон дэд бүтцийн байгууламж /цаашид хамтад нь “барилга байгууламж” гэх/-ийн төрөл, ангилал, барилга байгууламжийн бүх төрлийн ажил, үйл ажиллагаа эрхлэх буюу төлөвлөх, зураг төслийг боловсруулах, зөвшөөрөл олгох, барьж байгуулах, ашиглалтад оруулах, ашиглах, барилга байгууламжийн материал, бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, тэдгээрт тавигдах, барилгын салбарын оролцогчдын чиг үүрэг даатгал, гэрээ, хяналт шалгалт, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Барилгын тухай хуулийг анх 1998 онд батлан мөрдүүлж, үүний дараа 2008 онд шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлсэн.

Үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүний аюулгүй байдлыг баталгаажуулах, төрийн инстутийг чадавхжуулж, боловсронгуй болгох зорилгоор 2016 онд одоогийн Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуульд нийт 16 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Барилгын тухай хуулийн Хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланд “барилгын тухай хууль нь 2016 оноос хойш 7 жилийн турш хэрэгжиж, нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээний үр нөлөө үзүүлсэн хэдий ч тодорхойлсон зорилтдоо бүрэн хэмжээнд хүрч чадаагүй, барилгын салбарт үүсэж буй асуудлыг шийдвэрлэхэд хангалттай зохицуулалт, эрх зүйн орчныг бүрдүүлж чадаагүй” гэж дүгнэжээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан