ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Дэлхийн Банк группын Хот хариуцсан захирал Мин Жантай уулзлаа. Уулзалтад ХББОС-ын сайдын зөвлөх О.Амартүвшин болон хоёр талын албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн цаг үед Дэлхийн банк манай улсад суурин төлөөлөлөгчийн газраа нээж хот, хөдөөгийн хөгжил, боловсрол, байгал орчныг хамгаалах, бодлого боловсруулах , уул уурхайн салбарын удирдлагын тогтолцоог сайжруулах болон бусад чиглэлээр монголын хөгжлийг дэмжин ажиллаж ирсэн юм. Зээл, буцалтгүй тусламжаас гадна чадавхийг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлд зөвлөн дэмжиж ажилладаг.
Сайд Ж.Батсуурь , саяхан Улаанбаатар хотноо болсон “Монголын орон сууцжуулалтын ирээдүй-2024” олон улсын форумыг зохион байгуулахад санаачилгатай, идэвхитэй хамтран ажилласанд нь Дэлхийн банкны хамт олонд талархал илэрхийлээд, уг форум нь Монгол Улсын Засгийн газраас орон сууцжуулалтын салбарт баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй болохыг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар иргэдийг хямд, орлогод нийцсэн орон сууцаар хангах, ипотекийн хүртэмжийг нэмэгдүүлэх, хуримтлалын сан байгуулах, санхүүжилтийг тогтвортой хүртээмжтэй байдлаар шийдвэрлэх чиглэлд идэвхитэй ажиллаж, холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэхээр төлөвлөж байгааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд тэмдэглэн хэлэв.
Дэлхийн банк группын Хот хариуцсан захирал Мин Жан, Монголын Засгийн газрын төлөвлөж буй орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд цаашид ч тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Дэлхийн банк өнөөдрийг хүртэл Монгол Улсын хөгжлийг дэмжин нийтдээ 1.6 тэрбум долларын санхүүжилт олгоод байна.
Уулзалт илэн далангуй , дараа дараагийн ажлуудаа төлөвлөсөн ажил хэрэгч болж өнгөрлөө.