Барилгын салбарын инженерүүдийг Турк улсад бэлдэх боломжтой.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Тика-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Муслу Алиг хүлээн авч уулзан, Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Монгол Улс,  Бүгд Найрамдах Турк Улстай 1969 онд дипломат харилцаа тогтоосон ба Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрыг  хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2002 онд байгуулсан. Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг нь манай улсад барилга, зам, бүтээн байгуулалт, соёл, аялал жуулчлалын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ба өнөөдрийн байдлаар  соёлын өвийг хамгаалах төсөл болох Мэргэн Тоньюкукын музейн барилгын төслийн ажил явагдаж байна.

Ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй томоохон төслүүд, ялангуяа хот төлөвлөлт, барилгажилт, зам гүүрийн бүтээн байгуулалтууд,  аймаг сумдын хөгжил, орон сууц, дэд бүтцийн бодлого, иргэдийн амьдрах таатай орчныг бий болгох тал дээр Турк Улсын төр хувийн хэвшилтэй хамтран ажиллахыг бүх талаар дэмжинэ гэдгээ сайд Ж.Батсуурь уулзалтынхаа үеэр илэрхийлэв. Мөн Турк Улсад хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын чиглэлээр оюутан сурагчдыг сургах, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх салбарын яам, орон нутгийн албан хаагчдыг туршлага судлуулах, давтан сургах тал дээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.

Ноён Муслу Али дурдсан төслүүд дээр төр хувийн хэвшлийн байгууллагыг татан оролцуулах талаар хүчин чармайлт гаргаж, тавьсан саналыг дэмжиж ажиллах болно гэв.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан