ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ЧУХАЛЧИЛНА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр уулзаж, барилга байгууламж, стандарт, орчны хүртээмж, ногоон байгууламж, иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийн асуудлаар санал солилцов.

 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 23 дахь илтгэлд “Эрүүл, аюулгуй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” сэдэвт бүлгийн хурээнд нийт 14 санал, зөвлөмж хүргүүлснээс УИХ-ын тогтоолд 12 санал нь багцлагдаж туссан, зарим санал нь тусаагүй байна.

Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны 37 дугаар тогтоолд тусгагдаагуй асуудлаар Комиссын гишүүдийн зөвлөмжийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьд хүргүүлээд байсан юм.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид, “Шинээр баригдаж байгаа барилга байгууламжид барилгын норм, дүрэм стандарт мөрдөхгүй байгаагаас болж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэх гомдол, мэдээлэл олноор ирж байгааг дурдав. 2023 оны байдлаар нийслэлд шатахуун, дизель түлш борлуулдаг шатахуун түгээх станц 266, газын буюу хийн түлш борлуулдаг 5, бөөний 29 агуулах, нийт 455 орчим шатах тослох материал, хийн газ борлуулдаг байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь хүрээлэн буй орчноо эрсдэлд оруулж болзошгүй байна. Тухайлбал нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа ерөнхий боловсролын 13 сургуулийн 200 метрээс дотогш зайд 16 шатахуун түгээх болон автогаз түгээх цэг байрлаж байна.

Түүнчлэн Ерөнхий боловсролын 305 сургууль, 241 цэцэрлэг, нийт тоглоомын талбайн 803 буюу 82.2 хувь нь гадна орчны стандартын шаардлага хангаагүйг тэрээр хэлэв.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг гэх нийгмийн суурь үйлчилгээ үзүүлж буй байгууллагын барилгыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажил төлөвлөсөн хугацаанаас удааширдаг байдлаас шалтгаалж сурагчид 3 ээлжээр буюу сургуулийн бус орчинд хичээллэж байгаа нь хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх нөхцөл үүсэж байна гэдгийг цохон тэмдэглэлээ.

Тиймээс ШТС, авто газын цэгийн судалгааг нарийвчлан гаргаж, хүн олноор цуглардаг байршлаас нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн үндэсний болон олон улсын стандартыг баталж, нээлттэй цахим хэлбэрээр байршуулах, стандартын шаардлагыг хангуулах, хяналтын тогтолцоог сайжруулж, хэрэгжүүлэх, зөрчлийг тухай бүр залруулах, таслан зогсоох, байгууламжийн зай, талбай, стандартыг баримталж ажиллах чухал байна гээд шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн зүгээс хотын төв, аймгийн төв болон сургууль, цэцэрлэгийн ойр орчимд шатахуун түгээх станц нэмж барихгүй байх, тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх, улмаар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах, мөн ногоон байгууламжийг стандартын дагуу сайжруулах, байгуулах асуудалд анхаарал хандуулж, шийдэл гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийн асуудлыг судлан хэлэлцэх гэсэн гурван чиглэлд ХЭҮК-той хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан