ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Өнөөдөр /2024 оны 8-р сарын 16/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Көүлинийг хүлээн авч уулзан, тус банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын барилга хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн гол, олон талт хөгжлийн түншүүдийн нэг байсаар ирсэн бөгөөд бидний хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байна гэж уулзалтын эхэнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь онцлов.

Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкны зүгээс 3 тэрбум ам доллар зээл, 335.7 сая ам долларын буцалтгүй тусламж, 187.1 сая ам долларын техник туслалцааны санхүүжилтийг тус тус олгож, ус хангамж, хотын бусад дэд бүтэц ба үйлчилгээний салбарт нийт 43 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан юм.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Көүлин “Манай банкны зүгээс хот суурин газрыг хөгжүүлж, хүн амыг аюулгүй, эрүүл, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр 1997 оноос хойш Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамыг бид сайн түншээ гэж үздэг” гэв.

Цаашид талууд Азийн хөгжлийн банкны түнш орнуудтай хамтран ажиллах шинэ стратеги, техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тогтов.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан