Сайд Х.Баделхан Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газарт зочиллоо
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр салбарынхаа агентлагуудын хамт олон, ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудынх нь талаар санал солилцов. Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү шинээр томилогдсон сайдад ажлаа танилцуулж хэлтэс бүртэйгээ танилцууллаа. Тус газрынхан УИХ-д өргөн бариад байгаа Газрын харилцааны шинэтгэлийн хүрээнд Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай”, “Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай” хуулийн төслүүдийг батлуулахын ач холбогдол, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд орон зайн бүх төлөвлөлтийг том талбайг хамруулан хийхэд суурь газрын зургаар хангах зорилгоор 1:25000-ны байр зүйн зургаар зурагжуулах ажлыг хийж байгаа бөгөөд тодорхой хөрөнгөний асуудлыг төсөвт тусгаж өгөхийг сайдаасаа хүссэн юм.
Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын Кадастрын хэлтсийн цомхон бүтэцтэй ч чадварлаг албан хаагчид ажил байдлаа танилцсандаа сайд сэтгэл хангалуун үлдсэн. Газрын зургийг агаараас авч координатын хувьд ямар ч алдаагүйгээр суурь өгөгдлийг нь хийдэг энэ онцгой агентлагийнхан нарийн мэргэжлийн хүмүүс байдаг болохоор улс төрийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн давтагдашгүй энэ мэргэжилтнүүд хэзээд дархан цаазтай мэт үлдэж чаддаг. Үндэсний мэдээллийн сан бий болгож, кадастрын, байгалийн зураглалын гэх мэт бүхий л орон зайн үйлдлүүдийн хамгийн өндөр нарийвчлалтай суурь өгөгдлийг тодорхойлж, орчин үеийн техникийн шийдлүүдийг ашиглаж байгаа энэ хэлтсийнхний даруухан бөгөөд хөдөлмөрч хамт олон салбарын сайдаа баяртайгаар хүлээн авч амжилт хүссэн юм.