УЛААНБААТАР ХОТЫН УСАН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ҮЙЛДВЭРИЙН БОХИР УСЫГ УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ АЖЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү болон албаны төлөөллүүд өнөөдөр 2024.08.08-ний өдөр Монголын Мянганы сорилтын сангийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар мэдээлэл сонсож, санал солилцов.
Уулзалтын үеэр Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон төсөл хариуцсан захирлууд Компакт гэрээний санхүүжилтээр усны салбарт хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн хэрэгжилт, тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл тавив.
Талууд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн АНУ-ын МСК, Монголын МСС-ийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар хэлэлцсэний дагуу Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн биелэлтийг хангах, тэр дундаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ТЦБ-д нийлүүлж буй хаягдал усны бохирдлыг бууруулах “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө” болон шинэ Төв цэвэрлэх байгууламж, бүтээн байгуулалтын ажлуудын уялдаа холбоог хангах чиглэлд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.