Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Суурин захирал Тина Юүг хүлээн авч уулзлаа
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Суурин захирал Тина Юү, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК хооронд байгуулсан Компакт гэрээний санхүүжилтээр усны салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн явц, тулгамдаж буй асуудлын талаар ярилцахын сацуу Монгол Улсын олон улсын гэрээ болох Компакт гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн биелэлтийг хэрхэн хангах талаар санал солилцсон.
Тухайлбал, Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний уялдаа холбоог хангаж, үргэлжлүүлэн хамтран ажиллахын зэрэгцээ цаашид усны салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодитой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр санал нэгдсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК хооронд байгуулсан II Компакт гэрээ нь 2021 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд МСК-ын буцалтгүй тусламжийн 350 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдэх нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байгаа юм.