БХБ-ын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвийн ажилтай танилцав
УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан өнөөдөр Барилга хөгжлийн төвөөр зочилж хамт олон, үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцлаа. Барилга хөгжлийн төв нь барилга, нийтийн аж ахуйн салбарын талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, улсын төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд техникийн хяналт тавих, магадлал хийх ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, шаардлагатай мэдээллээр БХБ-ыг хангах чиг үүрэг бүхий төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.
Тус байгууллага нь салбартаа өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал барилгын норм дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах, барилгын материалын хийц, бүтээц, эзэлхүүний чанарыг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийх зэрэг өргөн хүрээнд Засгийн газар, БХБЯ-ны бодлогыг хэрэгжүүлдэг. Ажлын хүрээ нь өргөн цар хүрээтэй учраас олны анхаарал, шүүмжлэл, хардлагаас хол байдаггүй нь ч үнэн билээ. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хүртэл тусгай зөвшөөрөл олгох нэрийдлээр мөнгө хураагаад сууж байдаг газар мэт ойлгодог ч үнэн хэрэгтээ УИХ-ын тогтоолын дагуу тэмдэгтийн хураамж гэж авдаг, тэр нь татварын дансанд шууд шилждэг тухай Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа сайдад тайлбарлаж байв.
Салбарын ачааны гол тэнг үүрдэг Барилга хөгжлийн төвийн хамт олон салбарын сайддаа ажлын өндөр амжилт хүсч баяртайгаар угтан авсан юм. Сайд Х.Баделхан хийх ажил их, хариуцлага хамгийн чухал болохыг тус төвийн хамт олонд сануулаад зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа нь бат бөх байж, тулгарсан бэрхшээл бүхнийг гар, сэтгэл нийлж даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.