“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын Ерөнхий сайдаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэхэд оршино.

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын референт Д.Балжинням, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулах 2 дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос, “Престиж инженеринг” ХХК-ийн захирал Ш.Ганзориг, төслийн зохицуулагч Б.Солонго, “Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Пүрэвжав зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хамарсан 30 гаруй хүн оролцсон.

Энэхүү хэлэлцүүлгээр дараах илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Үүнд:

  1. “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн;
  1. “Улаанбаатар хотод бохир усны цэвэрлэх байгууламжийг шинээр барих ТЭЗҮ”-ийн танилцуулга төслийн зохицуулагч Б.Солонго;
  1. “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн хооронд байгуулах 2 дахь компакт гэрээ боловсруулах ажлын явцын тухай” Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос зэрэг болно.

 

Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан илтгэгчдээс асуулт асууж, санал солилцож, улмаар дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

  1. “Артелиа Вил энд Транспорт” компанийн боловсруулсан ТЭЗҮ-г баримтлан Улаанбаатар хотод бохир усны цэвэрлэх байгууламжийг шинээр барих;
  1. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр;
  1. Төслийг ЕРС буюу түлхүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлэх;
  1. Цэвэрлэх байгууламжийг шинээр барихын зэрэгцээ одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгах асуудлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хариуцуулан шийдвэрлүүлэх зэрэг болно.

Хэлэлцүүлгийн үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, чиглэл авах нь зүйтэй гэж үзлээ.

Хэлэлцүүлэг Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулагдсан.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан