БХБ-ын сайд Х.Баделхан АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандэз Ломмэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Х.Баделхан Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд талархаж явдаг, цаашид ч тус яамнаас хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Хатагтай Ёланда Фернандэз Ломмэн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханыг сайдаар томилогдсонд баяр хүргэж амжилт хүслээ.Тэрбээр шинээр томилогдсон эхний өдрөө манай байгууллагын хийж байгаа ажил, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар сайн мэдэж байгаа нь тааламжтай байна. Энэ бол үр ашигтай хамтран ажиллаж, өндөр амжилтад хүрэхийн эхлэл байх гэж бодож байна гэв.
Энэ үеэр АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандэз Ломмэн Монгол Улсын Засгийн газартай ирэх дөрвөн жилд хамтран ажиллах саяхан баталсан түншлэлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд БХБ-тай хамтран хийх ажлын жагсаалтыг Х.Баделхан сайдад гардууллаа. Мөн одоогоор хэрэгжиж байгаа хоёр төслийн тухайд танилцууллаа. Эхнийх нь Өмнөговь, Дорноговь аймгуудад хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл хугацаандаа амжилттай хэрэгжээд дууссан учраас АХБ-аас нэмэлт санхүүжилтээр дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барихаар болсон. Үүнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь зэрэг дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барьж байгаа, энэ ондоо төслийг хэрэгжүүлж дуусах байх. Мөн үүний адил Дархан хотын төв цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны менежментийг сайжруулах төсөл, нийт санхүүжилтийн хэмжээ 18 сая ам.доллар бөгөөд одоогоор зөвлөх сонгон шалгаруулалт явагдаж байгаа.
Уулзалтад оролцсон АХБ-ны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арно Хэкманн “Танай яамтай хамтран хэрэгжүүлж буй хоёр төслөө танилцуулъя. Эхнийх нь “Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” боловсруулах техник туслалцааны төсөл. Японы Засгийн газраас санхүүжүүлж буй 2 сая ам.долларын эх үүсвэртэй энэ төслийн хүрээнд бүх аймгийн хот байгуулалтын мастер төлөвлөгөөг боловсруулна. Хот байгуулалтын зураглалыг хийх, хот байгуулалттай холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой төсөл. Энэ ажлыг Японы “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Ирэх жилээс томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ бол Монгол Улсын хоёрдогч хотууд буюу аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд тухайн хотуудын хөгжүүлэхдээ эдийн засгийн хөгжилтэй нь уялдуулж эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх кластер коридорыг байгуулна. Баруун, зүүн хязгаараас эхлээд зургаан аймагт хэрэгжих энэ хөтөлбөр нь гурван үе шаттай. Урьдчилсан тооцоогоор 700 орчим сая ам.доллар шаардагдах энэ хөтөлбөрийг мөн л Японы Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Үр дүнд нь хотыг хөгжүүлэхдээ эдийн засгийн бүтцүүдийг давхар хөгжүүлж эдийн засгийг солонгоруулна гэдгээрээ чухал ач холбогдолтой юм” гэв.
Мөн тэрбээр орон нутагт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээс гадна Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хоёр гол төслийг танилцууллаа. Эхнийх нь тухайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийхдээ “Сервис центр” буюу дэд төвүүдийг түшиглэн хөгжүүлэх төсөл юм. Энэ ажлын хүрээнд Баянхошуу, Сэлбэ орчмын дэд төвүүдийг түшиглэн инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, шинээр дэд бүтцийг сайжруулснаар байгаль орчинд ээлтэй төдийгүй хөгжлийг хурдасгах давуу талтай юм. Дараагийнх нь иргэдийнхээ орлогод нийцсэн хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд 10 000 нэгж орон сууц барих бөгөөд 100 га газрыг дахин төлөвлөлтөд хамруулахаар тусгасан. Бүтээн байгуулалтын нийт өртөг нь 550 сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гарсан. Үүнээс 350 сая ам.долларын санхүүжилтийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх юм” гэж танилцууллаа.
Сайд Х.Баделхан “Намайг сайд болоход хамгийн олон хүний захьсан зүйл бол цэвэрлэх байгууламжийн асуудал байлаа. Энэ талаар танай байгууллага олон үр дүнтэй ажил хийж байгаад тун таатай байна. Мөн эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа энэ цаг үед эдийн засгийн төрөлжилт, бүс нутгийн уялдаатай холбоотой хөтөлбөрийг Засгийн газар, манай яамтай хамтран хэрэгжүүлж байгаа нь үнэлж баршгүй ач холбогдолтой юм” гэв.
Ийнхүү БХБ-ын сайд Х.Баделхан ажлын эхний өдөртөө салбарт нь хамгийн их буюу 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 303.9 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа АХБ-ныхантай ярилцаж урам зоригтойгоор ажлаа эхэллээ.