Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа.

Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ,

Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана.

Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.

Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй хөрш, ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлаг ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтарч ажиллах ёстой. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой гэдгийг онцоллоо. Төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл,  ёс суртахуун дээр тогтдог, хуулинд захирагддаг алба гэдгийг тэрээр тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Засгийн газрын гишүүдийн хийсэн танилцуулгатай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарна. Энэ хүрээнд ажлаа уялдуулж ажиллахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан