НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ТАПАН МИШРАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа. Талууд уулзалтаар Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй дагуул шинэ хотуудын төсөл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцлаа.
НҮБ-ын зүгээс хүн амыг аюулгүй, эрүүл, тохилог орчинд амьдруулах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцолж, ялангуяа агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрлийг сааруулахад туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа ноён Тапан Мишра илэрхийлэв. Ийнхүү талууд техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг судалж, хамтран ажиллахаар боллоо.
Мөн талууд Монгол Улсын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамжийг орчин үеийн технологитой хослуулан хөгжүүлэх асуудлыг ярилцаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь хамгийн оновчтой хувилбар гэдэг дээр харилцан санал нэгдэв.