БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.05.08/-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлынхаа мэдээллийг танилцуулав. Гол ажлуудаас дурдвал:

Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгаварын дагуу арматурын чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, чанарын шаардлага хангахгүй арматур худалдаалж буй зарим аж ахуйн нэгж байгууллагуудад арматурын нийлүүлэлтийг зогсоох тухай улсын байцаагчийн акт тогтоов.

Сайд Ц.Даваасүрэн "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн захиргааны үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Барилга, хот байгуулалтын сайд мөн гадаад хамтын ажиллагааг өргөтгөж тэлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзан, Барилгын салбарын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд санал солилцож, харилцан тохиролцоонд хүрэв.

Улаанбаатар хотын ундны усны чанар, аюулгүй байдлын хүрээнд УСУГ-ын Төвийн эх үүсвэр, Усны төв лабораторийн үйл ажиллагаатай БХБ-ын дэд сайд газар дээр нь танилцаж ажиллав.

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийн хүрээнд туршлага судлах ажлыг зохион байгуулж байна.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Газрын багц хууль, Геодези зураг зүйн хуулийн төслийн ажлын хэсгүүд хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудыг эцэслэн томьёолж, нэгтгэн багцлав.

Шуурхай хуралдаанд танилцуулагдсан дээрх болон бусад ажлуудын хүрээнд мөн цаашид анхаарах асуудлуудаар Барилга, хот байгуулалтын сайд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

✅ "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө"-г боловсруулах ажилд онцгой анхаарч, яаралтай эцэслэх;

✅ "Сэлбэ сэргэлт" төслийн барилга, зам гүүрийн ажлын судалгааг нарийвчилж, бэлтгэл ажлыг хангах;

✅ Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын судалгаа мэдээллийг гаргаж ажиллах;

✅ Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний үйл ажиллагааг сайжруулах хүрээнд холбогдох норм стандартыг яаралтай шинэчлэх;

✅ Ипотекийн зээлийн санхүүжилтийг шилжүүлэх ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах;

✅ Өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааны чиглэлээр явуулсан шалгалтын мэдээллээ эцэслэж, эрсдэлтэй лифт болон краны үйл ажиллагааг зогсоох болон шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;

✅ Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтын боловсруулсан Орхоны хөндийд байгуулах шинэ хотын байршлыг сонгох урьдчилсан судалгааны ажлын тайланг дуусгуулж, хүлээн авах ажлыг зохион байгуулах;

✅ Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олголтод тавих хяналтаа сайжруулах.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан