САЙДЫН ШУУРХАЙ БОЛЛОО
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.04.24/-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.
БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ тус тус танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын Үндэсний хорооны 2-р хурлыг зохион байгуулж, газрын байршлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэв.
Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Хилийн чанад дахь Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн корпораци хамтран хэрэгжүүлж байгаа “Хөшигийн хөндий дэх "Шинэ зуун мод" хотын төслийн зөвлөх баг "Soosung Engineering, Dohwa Engineering" компанийн төлөөллүүд Улаанбаатар хотноо ирж ажиллав.
“Шүүр” ажиллагааны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн мэдээ тайланг нэгтгэн ЗГХЭГ-т хүргүүлж, Барилга, хот байгуулалтын яамны бүтцийн чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулав.
Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж бэлэн болгов.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт санал хүргүүлэв.
Арматурын хяналт, шалгалтын ажлын хүрээнд чанарын шаардлага хангахгүй арматур худалдаалж буй зарим аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлага хангахгүй арматурын нийлүүлэлтийг зогсоох тухай улсын байцаагчийн акт тогтоов.
Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар 2023 онд 569 объектоос 524 объектод захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн барилга угсралтын явцыг Дэд сайд Э.Золбоо шалгав.
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн барилга, угсралтын ажил өнөөдрийн байдлаар 65 хувьтай явагдаж байна.
Харин "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах" төслийн явц 87 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн нэгжийн удирдлагууд тус тус танилцуулав.
"Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны төслийн хувьд Цахилгааны дэд өртөөний улаан шугам тавьж, 1.5 метрийн хөрс солилт хийж, индүүдэн нягтруулж, суурийн ул бетон цутгажээ. Мөн 5 ширхэг цамхагт краны угсралтын ажлыг гүйцэтгэж, барилгын талбайд арматурын зэв арилгах болон бэлдэц бэлдэх ажлуудыг хийж байна. Ирэх сарын 21 гэхэд эхний блокуудын арматурчлал, хэв хашмалын ажлууд хийгдэнэ гэлээ.
Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах арга хэмжээний хүрээнд Дэд сайд Э.Золбоо дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Төслийн нэгжүүд тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж, шаардлагатай боловсон хүчин инженер, техникийн ажилтнуудаа яаралтай бүрдүүлэх;
"Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө"-г боловсруулах ажил дээр бусад салбар яамдуудтай ажлаа нягт уялдуулж, бүх орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх, мөн БХБЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж эцэслэх;
Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжуудад хийсэн хяналтын дүнг эцэслэн танилцуулах;
Барилгын чанарын Улсын зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, өмнөх зөвлөгөөнөөс гарсан 24 зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг гаргах;
Угсмармал орон сууцуудыг дулаалах ажилтай холбоотойгоор ЗГ-ын хуралдаанд оруулах асуудлуудаа бэлтгэх;
Барилгын нэгдсэн мэдээллийн сан "BIM" системийг нэвтрүүлэх чиглэлийн хүрээнд холбогдох бэлтгэл ажлуудаа түргэтгэх.