САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛЛОО
Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.02.07/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг сайдад танилцуулав. Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг барилгажуулах, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хэсэгчилсэн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авах арга хэмжээний тодорхой санал дүгнэлт боловсруулан ажиллаж байна.
”Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо байгуулах тухай”, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.
Хархорум хот байгуулах ажлын хүрээнд БНСУ-ын ухаалаг хотууд байгуулсан туршлагыг ашиглах үүднээс Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг КОЙКА-тай хамтран шинэ хот байгуулах ТЭЗҮ, хот байгуулах баримт бичгийн төслийн саналыг эцэслэж, санамж бичиг байгуулахад бэлэн болгов.
Он гарснаас хойшхи хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 379 зээлдэгчид 41 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгоод байна.
Салбарын гол эрх зүйн баримтуудыг шинэчлэх ажлын хүрээнд Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд Хэнтий аймагт, Нийслэлд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулав.
Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ, Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төслийн багийн төлөөллүүдтэй уулзалт хийж, төслийн удирдах хороог яаралтай байгуулахаар боллоо.
Барилгын салбарт нэгдсэн мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх ажлын хүрээнд "BIM Forum-2023" форумыг зохион байгуулж, ВИМ нэвтрүүлсэн туршлагатай улсууд болох Сингапур, БНСУ-ын зөвлөхүүдтэй туршлага солилцож зөвлөлдөв.
Барилгын дотор орчны агаарын чанарт нөлөөлж буй будаг материалын чанарыг дээшлүүлж, стандарт мөрдүүлэх хүрээнд дотоод засалд ашиглагддаг барилгын материалуудаас ялгарах хортой бодисуудын хэмжээ, ялгарах хугацааг тодорхойлох судалгааны ажлыг хийж эхэллээ.
Барилгын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүүлийн 4 жилийн судалгааг гарган, 2023 оны бараа материалын ханган нийлүүлэлтийн судалгааг гарган, материалын хомсдлоос сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
"Оюу толгой" ХХК-иас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу далд уурхайн налуу аманд угсарсан 4 гүүрэн кран, сагстай өргөгчийн техникийн байдалд Салбарын хяналтын газраас хяналт хийж, 3 өргөх механизмийг улсын бүртгэлд бүртгэж, техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй кранд ашиглах зөвшөөрөл олгоогүй байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн газруудын ажлуудтай холбоотойгоор зарим мэдээллийг тодруулж, яам болон харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулж, мөрдүүлэхэд онцгойлон анхаарч,, нийслэлээс саналыг нь авч шуурхай ажиллах,
Газрын багц хуулийн төсөл дээр гарч байгаа зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж, хэлэлцүүлгүүдэд сумдын төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх,
Тусгай зөвшөөрөлтэй компани дамжуулан худалддаг, инженерүүдийн давхцалтай байдлыг анхаарч шийдвэрлэх, зөвлөх үйлчилгээг сайжруулах хүрээнд санал боловсруулах,
Төрийн бус байгууллагуудын тусгай зөвшөөрөл олголттой холбоотой судалгааг үнэн бодитой явуулж дүгнэх,
Дулаан алдагдалгүй ногоон барилгын шийдлүүдийг хэрэгжүүлэх замаар гадны эх үүсвэрүүдээс санхүүжилт татах төслүүдийг боловсруулж ажиллах,
Гүний уурхайд мөрдөх норм нормативыг шинэчилж, мөрдүүлж ажиллах,
Боомтуудын хөгжлийн ерөнхий төлөввлөгөөг боловсруулж, шинэчлэх,
Импортыг орлох дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжиж ажиллахыг тус тус үүрэгдлээ.