БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИДТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Улаанбаатар хотын нийт 204 хорооны 82 хороо гэр хороолол байна. Үүн дээр гэр хороолол, орон сууц холилдсон нийт 43 хороо бий. Нийслэлийн хороодын 61 хувь нь буюу нийт 125 хороо гэр хороололтой бөгөөд өнөөдрийн байдлаар 19 байршлын 58 хэсэгчилсэн талбайд 44 компани төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгааг, мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад ямар хүндрэл бэрхшээлүүд үүсч байгаа талаар Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү зөвлөлдөх уулзалтын эхэнд танилцууллаа.
Зөвлөлдөх уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн тэргүүтэй яамны удирдлагын баг бүрэлдэхүүн, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва, Нийслэлийн холбогдох газрын удирдлагууд, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл дээр ажиллаж буй нийт 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгч компаниуд айлуудтай тохиролцож, газар чөлөөлөх ажлыг 80-90 хувьтай хийгээд байгаа ч инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн дутагдалтай байдал, бичиг баримтын шилжилт, бүрдүүлэлттэй холбоотой ажлууд удаашралтай явагддаг мөн банкны зээлийн хүү хэт өндөр зэрэг хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс болоод төслүүд зогсох эрсдэлтэй байна гэсэн нийтлэг асуудлуудыг хөндөв.
Түүнчлэн нийгмийн дэд бүтцийг тавих гэхээр гурван талын харилцааны баримт бичгүүдэд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байдаг, компаниуд өөрсдөөсөө хөрөнгө гаргаад шийдлээ гэхэд дараа нь улсаас тэрхүү хөрөнгөө гаргуулж авах зохицуулалт байхгүй, дахин төлөвлөлт хийж, батламж олгосон газартаа давхцуулж газар олголт хийсэн зэрэг асуудлууд бий гэлээ. Иймээс аж ахуйн нэгжүүд дэд бүтцийн эх үүсвэрүүдийг бий болгох, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд анхаарч, ипотекийн зээлийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт рүү чиглүүлж өгөхийг Барилга, хот байгуулалтын сайдаас хүслээ.
Сайд Ц.Даваасүрэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дээр барилгын компаниуд багагүй ачаалал үүрэлцэж байна, гэхдээ үүнийгээ шийдвэр гаргах түвшинд сайн ойлгуулж, салбар хооронд, шат шатандаа уялдаа холбоотой ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглээд, дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд дараах чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Дэд бүтцийн эх үүсвэрийг шийдэхэд хугацаа их орж, шинэ цахилгаан станц барихаас наашгүй учир хамгийн оновчтой шийдэл бол бие даасан эх үүсвэрүүдийг шийдээд явах нь зөв;
Дэд бүтцийн 245 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэр гаргах түвшинд буюу УИХ-ын гишүүдэд ойлгуулж, хүргэхэд анхаарах;
Газар олголтыг энд тэнд бус нэгдсэн Ерөнхий төлөвлөгөөний дагуу хийх, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөлт нь өөр, газар олголт нь өөрөөр зөрөөд байж болохгүй учир төлөвлөлтийн дагуу шийдэх;
Санхүүжилтийн схемийн хувьд зөвхөн ипотек гэж харахаасаа илүүтэй хөнгөлөлттэй зээлүүд, тэрдундаа агаар, орчны бохирдлын эсрэг ногоон шийдлүүдийг хайх нь зүйтэй, Тухайлбал Дани, Финланд зэрэг улсуудын дулаан хангамжийн шийдлүүдтэй адил өндөр хэмнэлттэй шийдлүүд ашиглахад анхаарах;
Сургууль, цэцэрлэгийн барилгын газрын асуудал дээр нийгмийн дэд бүтцийн газар чөлөөлтийг зайлшгүй хийх шаардлагатай;
Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх гурван талт гэрээний бичиг баримтын шилжилт, бүрдүүлэлттэй холбоотой асуудал дээр төрийн байгууллагууд хүнд сурталгүй, шуурхай явуулахад анхаарч, үйл ажиллагаагаа уялдуулах;
Төсөл хэрэгжүүлэхдээ валютыг гадагшлуулахгүй байх чиглэлд анхаарч, дотоодын хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаж байгаа барилгын материалын үйлдвэрлэл дээр импортын татвараар дэмжих хэрэгтэй хэмээн чиглэл өглөө.