“ӨӨРЧЛӨЛТИЙН УДИРДЛАГА-CHANGE MANAGEMENT” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг чадавхжуулах сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” Төсөл, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Сургалтад зориулан “Өөрчлөлтийн удирдлага-Change management” болон төрийн албаны оновчтой бүтэц, зохистой харилцаа, үр дүнгийн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг лекц уншиж, систем /тогтолцоо/-ийн шинэтгэл, үйл явц /нөхцөл байдал/-ын өөрчлөлтийн үе шат, хамрах хүрээ, хугацаа, үр дүнгийн иж бүрэн асуудлыг хамарсан зорилтуудыг матриц төлөвлөлтөөр хэрэгжүүлэх сэдвийг хөндлөө.

Тэрбээр зөвлөх үйлчилгээний Prosci компанийг үндэслэгч Жефф Хиатын 700 гаруй байгууллагын өөрчлөлтийн хэв маягийг судалсны дараа боловсруулсан олон улсад өргөн ашиглагддаг хувь хүний өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлж, хувь хүнийг тодорхой өөрчлөлтөөр удирдан чиглүүлж, аливаа саад бэрхшээл, сорилтыг шийдвэрлэхэд чиглэгддэг АДКАР загварыг  танилцуулсан юм.

Судалгаа шинжилгээний 20 гаруй жилийн түүхтэй, олон улсын хэмжээнд 75000 гаруй хүнийг сургалтад хамруулан сертификатжуулсан, дэлхийн шилдэг 100 компанийн 80%-тай хамтран ажилладаг өөрчлөлтийн удирдлагын энэхүү хүчирхэг загвар нь зөвхөн хувь хүн өөрчлөгдөх үед байгууллагын өөрчлөлт гарч болно гэсэн ойлголт дээр суурилдаг бөгөөд байгууллагын өөрчлөлт салбар, салбарын өөрчлөлт улс орны хэмжээний өөрчлөлт болдгийг тодорхойлдог байна.

Мөн төрийн албаны одоогийн төлөв байдалд дүгнэлт хийж цаашдын чиг хандлагыг тодорхойлсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын дүн шинжилгээг тайлбарлаж, урагш тэмүүлсэн, уян хатан, сэтгэл ханамж бүхий ирээдүйн төрийн албан хаагчийг загварчлан үзүүлсэн байна.

Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэгч топ менежерүүд болох нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар үйл ажиллагаа, хандлагын эерэг өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх учиртай бөгөөд энэ үйл явцыг дэмжин ажиллахаа Төрийн албаны зөвлөлийн дарга онцоллоо.

Цогц чадамж, манлайлах ур чадварын сэдвээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, төрийн албан хаагчийн ёс зүйн онол, арга зүйн асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч удирдах ажилтнуудын зүгээс хууль бус үйлдэл, ёс зүйн доголдол гаргахаас урьдчилан сэргийлж манлайлан ажиллахыг зөвлөсөн байна.

Хүний зан төлөв, шударга байдал, төрийн албаны сонгон шалгаруулалтын тогтолцоо, сэтгэлгээний өөрчлөлт, стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага, цаашдын хандлагын талаар Төслийн зөвлөхүүд хичээл зааж, сургалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

---о0о---


(2) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

mulOMpUR[0:0:0:0:0:0:0:1]

1

2022-05-27 03:42:38 0 0 Хариулах

mulOMpUR[0:0:0:0:0:0:0:1]

1

2022-05-27 02:49:19 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан