БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.02.28-ны өдөр боллоо. Шуурхай хуралдаанд яам болон харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Мөн Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг Хөшигийн хөндийд шинээр хот байгуулах төлөвлөлт болон БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих "Солонго-1, 2" орон сууцны хорооллын зураг төслийн ажлыг эрчимжүүлэх, барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлэх асуудлын талаар БНСУ-ын Газар, дэд бүтцийн яам болон Инчон, Сежон хотын удирдлага холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцсэн үр дүнгийн талаар мэдээллийг товч танилцуулав.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон яамны удирдлагын зүгээс БНСУ-д ажилласан багийн ажлын үр дүнг сайшааж ойрын хугацаанд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Солонгосын талаас холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөллийг урьж, газар дээр нь туршлага солилцож, зөвлөгөө авах, хамтран ажиллах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгөв.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогод салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангах, мэдээллийг шуурхай гаргаж, тайлагнах, 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүдийн худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх Хаягийн мэдээллийн сан, барилгын төсөвт өртөгт магадлал хийх болон Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын талаарх танилцуулгыг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан