МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарын үе үеийн ахмадууд, нийт ажиллагсдад, эрхэм хүндэт Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Орон сууц, нийтийн аж ахуй бол суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хүн амыг орон сууцжуулах, баталгаат ундны усаар хангах, бохир усыг цэвэршүүлэн байгаль-экологийн тэнцлийг хадгалах, хэрэглэгчийг дулаан, цахилгааны шугам сүлжээнд холбогдох нөхцөлийг бий болгох замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, бохирдлыг бууруулахад тэргүүлэх ач холбогдолтой, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн салбар болохын хувьд Монгол Улсын төрийн бодлогын салшгүй хэсэг мөн.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн шаардлага хангасан ариун цэврийн үйлчилгээ авах, баталгаат ундны усаар хангагдах, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох, хүн амын амьжиргааны түвшин, ахуйн соёлыг дээшлүүлэхэд орон сууц, нийтийн аж ахуйн салбарын бодлогод шинэчлэлт хийж, олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх асуудал чухал байна.
“Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, техникийн нэгдсэн бодлогоор хангах, орчин үеийн дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх, тэдгээрт нийцүүлэн норм, дүрэм, журам, стандартыг шинэчлэн мөрдүүлэх болон байгалийн нөөцийн хэмнэлттэй, ногоон хөгжлийн загварт нийцсэн орон сууцаар иргэдийг хангах ажлыг эрчимжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх, цаашлаад хүн амын амьжиргааны түвшин, ахуйн соёлыг дээшлүүлэх зорилтыг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжид хамруулах болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар хэрэгжүүлж байна.
Өнөөдөр тус салбарын 10 гаруй мянган ажилтан нийтийн орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцаж, хүн амын 87 хувийг ундны усаар, 69 хувийг ариун цэврийн байгууламжийн суурь нөхцөлөөр хангасан амжилтаар түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Та бүхэндээ хүн амын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД
Б.МӨНХБААТАР