УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ БҮРЭН ХАНГАГДЛАА
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах, мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдсэн усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газраас хүлээсэн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан тул 2021 оны 3 дугаар сарын 31-нд АНУ-ын Мянганы Сорилтын корпорациас компакт гэрээ хүчин төгөлдөр болж, санхүүжилтын эрх нээгдсэн. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр ашиглалтад орсноор ус хангамжийн төвлөрсөн системд жилд 50 сая м3 ус нийлүүлэх бөгөөд Улаанбаатар хотын баруун хэсэг Туул, Био, Жаргалтант тосгон, Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Баянголын амын хэрэглэгчдийг болон шинээр байгуулагдах Шинэ зуун мод, Майдар хотуудыг усаар хангах юм.
Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр
Түүнчлэн хаягдал усыг дахин боловсруулж, эргүүлэн ашиглах төсөл хэрэгжснээр жилдээ 18.0 сая м3 хүртэл хэмжээний усыг дахин боловсруулж, Дулааны 3,4-р станцуудын технологийн хэрэгцээнд нийлүүлнэ. Ингэснээр станцуудын технологийн хэрэгцээнд нийлүүлж байгаа газрын гүний усыг багасгаж, цэнгэг усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой.
Ус гүн цэвэршүүлэх байгууламж