ЭМГЭНЭЛ
Монгол Улсын Гавьяат барилгачин
Ишийн Сүрэнбаяр
/1943-2021/
Монгол Улсын Гавьяат барилгачин Ишийн Сүрэнбаяр нь 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.
И.Сүрэнбаяр нь 1943 онд Увс аймгийн Зүүнговь сумын нутагт төржээ.
Тэрээр 1968 онд МУИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсч 1968-2004 онд ББМҮЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Улаанбаатар хотын барилга трестийн дарга, ХААЯ-ны орлогч сайд, Барилгын яам, Барилга, хот байгуулалтын яам, Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, газрын даргаар 40 гаруй жил ажиллажээ.
Улаанбаатар хотын барилга трестийн ажлыг сайжруулан, үйлдвэрлэлийн жигд ажиллагаа, төлөвлөгөөний биелэлтийг хангах, ХАА-н салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, материал техникийн баазыг хөгжүүлэхэд идэвх санаачлага, амжилт бүтээлтэй ажилласан улс төр, нийгмийн зүтгэлтэн байсан юм.
И.Сүрэнбаяр нь барилгын салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, Барилгын тухай хууль, барилга барих тусгай зөвшөөрөл, барилгын ажлын төсвийн нэгжийн үнэлгээ зэрэг эрх зүйн дүрэм, заавар, нормыг шинэчлэх, холбогдох тогтоол шийдвэрүүдийг боловсруулж батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний мэдлэг оюун, бүтээлч зан чанар, зохион байгуулах авьяас чадвар нь залуу үед үлгэрлэл болсон манай тэргүүний ахмад инженер байлаа.
И.Сүрэнбаярын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Тэргүүний барилгачин” цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж, 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат барилгачин” цол олгожээ.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, БХБЯ-НЫ ХАМТ ОЛОН.
2021.05.06