Авлигын эсрэг үйл ажиллагааны 2018 оны тайлан

Авлигын эсрэг үйл ажиллагааны 2018 оны тайлан

Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахын тулд Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, түүнчлэн АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг удирдлага болгон төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажилласан.

Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, сайдын болон төрийн нарын бичгийн даргын тушаал, норм дүрмүүдийг  https://mcud.gov.mn/ld?typeId=6 цахим хаягт байршуулан тухай бүр шинэчлэн ажилладаг. Түүнчлэн Иргэд, олон нийт, хувийн хэвшил, бусад этгээдээс авлигын зөрчил гарсан талаар мэдээлэл авах, авлигын талаар мэдээлэл өгөх, сөрөг үр дагаврыг танин мэдүүлэх зорилгоор яамны цахим хуудсанд АТГ-аас ирүүлсэн Цахим баннерыг байрлуулсан.

Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг удирдлага болгон ажиллаж байна.

Дээрх баримт бичгийн хүрээд яамны “Хөдөлмөрийн дотоод журам” /журмын 3, 4-р зүйлд тусгасан/-д албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай  шалгуурыг ерөнхийлөн зааж, ажлын байрны тодорхойлолтод тусган, хэрэгжилтийн тайланг улирал бүр авч, хяналт тавьж ажиллав.

Яамны цахим хуудсанд /mcud.gov.mn/ мэдээ, мэдээлэл, булан зэрэг аль ч  хэлбэрээр Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, ХАСУМ-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох боломжтой төдийгүй тус цахим хуудсанд “ИЛ ТОД БАЙДАЛ” цэсэнд хүний нөөцийн ил тод байдал булан ажилладаг бөгөөд тус буланд дээрх мэдээллийг оруулан ажиллаж байна.

Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод нээлттэй болгох зорилгоор Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн системд 2018 оны I улирлаас эхлэн шинээр дахин бүртгэлжүүлж ажилласан. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөж байна. Нөхөх боломжгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулах, нөхөх боломжгүй тохиолдолд уг ажлын байранд ажиллах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх  бодлого барьж ажилласан. Байгууллагын сул орон тоог зарлах холбоосыг http://mcud.gov.mn цахим хуудасны үйл ажиллагааны ил тод байдал→ хүний нөөц→сул орон тооны зар хэсэгт байршуулсан. Мөн ажлын байрны сул орон тоо гарах бүрд захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж www.csc.gov.mn цахим хуудсанд зарлуулдаг. Тайлант хугацаанд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/116 дугаар  “Ажлын байрыг нийтэд зарлуулах тухай” албан бичгээр Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Инженер, геологийн бодлогын хэрэгжилт хариуцсан  мэргэжилтний ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолт болон бусад материалын хамт хүргүүлсэн. Сонгон шалгаруулалт 2018 оны 6 дугаар сар    12-ны өдөр бүртгэж 22 бүртгүүлснээс 2 хүн тэнцсэн. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/111 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”, 2018 оны А/160 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журамд оруулах нэмэлт оруулах тухай” болон Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/02 дугаар тушаалаар баталсан “Ёс зүйн хорооны ажиллах журам”, ажлын байрыг нийт албан хаагчдад болон яаманд шинээр томилогдсон албан хаагчдад танилцуулан байгууллагын дотоод удирдлагын систем болох ABLE cистем болон Барилга, хот байгуулалтын яамны цахим хуудсанд  http://mcud.gov.mn-д  байршуулан үйл ажиллагаандаа мөрдөн,  хэрэгжилтэд хяналт тавьж, албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлыг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулсан. Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөлийг хуралдуулж Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Батдэлгэрийн Нямдоржийг сонгон шалгаруулалтын журмаар, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргал, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Тилеухан нарыг жинхлүүлэх, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, Бодлого, төлөвлөлтийн газрын Салбарын норм, нормативын бодлого, суурь судалгаа, статистик мэдээлэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Эрхэмбаяр, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геодези, зураг зүй, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхсайхан,  Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Усны барилга байгууламжийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөнсувд, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн П.Ганбаатар, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Гантөр, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Тилеухан, мөн газрын мэргэжилтэн Б.Даваасүрэн, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Нямдаш нарын  албан хаагчдын  Төрийн захиргааны албан хаагчийн тангарагыг өргүүлэх асуудлыг шийдвэрлэв. Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/59 дугаар тушаалаар Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүргийг шинэчлэн нийт 78 орон тоо баталснаас одоогоор 73 албан хаагч ажиллаж байгаа.  Үүнээс ТЗУГ-3, ББМҮБХЗГ-1, ХШҮДАГ-2, нийт 6 сул орон тоог нөхөх чиглэлээр ажилласан байна. Ингэхдээ харьяа байгууллагаас албан хаагчийг шилжүүлэн авах зэрэг хүний нөөцийн нөөцийн дотоод боломжийг ашиглах бодлого, чиглэлийг баримталж ажилласан. Ажлын байрны хэрэгцээ, тухайн ажлын байранд тавигдах шаардлага, албан хаагчийн мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага зэргийг харгалзан 10 албан хаагчийг сэлгэн ажиллуулсан. Сонгон шалгаруулалтгүй түр томилогдсон 5 албан хаагчдын албан хаагчийн сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03/4036 тоот албан бичгээр хүргүүлж, сонгон шалгаруулалтыг зарлуулж, ТАЗ-ийн дүгнэлт, АТГ-ын саналыг үндэслэн томилсон. Төрийн албаны зөвлөлийн БХБЯ-ны дэргэдэх Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018 оны 3 дугаар сарын 18-нд Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар баталж, хэрэгжүүлэн ажилласан. Салбар зөвлөлийн жилийн төлөвлөгөөг батлах, албан хаагчдад зэрэг дэв олгох, цалингийн шатлалыг ахиулах, төрийн жинхэнэ албаны тангараг өргүүлэх, томилох, өргөдөл гомдлыг барагдуулах зэрэг асуудлаар 2018 онд  3 хурлаар 9 асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Салбар зөвлөлөөс гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдамжаар ханган ажиллаж сул орон тоо, нөөцөд бүртгэгдсэн, сул ажлын байрыг нөхөж байх зэрэг асуудлыг байнга танилцуулах үүргийг өгсөн. БХБЯ-ны Салбар зөвлөлийн төрийн албан хаагчийн нөөцийн санд 16 хүн бүртгэлтэй байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор яамны 1 албан хаагчид хариуцлага тооцуулахаар албан бичиг ирүүлсний дагуу Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар цалингийн 3 сарын 30 хувь хасах сахилгын арга хэмжээ авсан. Үүнийг яамны нийт албан хаагчдад сонсгож танилцуулсан болно.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай бүрт нийт яамны удирдлагуудад хугацаандаа хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдэгдэл, тайлбар гаргах чиглэлээр анхаарах зарим асуудлуудын талаар хэлэлцэж, өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хяналт тавьж ажилласан. Ингэснээр Шилэн дансны мэдээлэлийг тогтмолжуулсан.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3-р бүлэг заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэдэг. Яамны зүгээс өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар ABLE soft ХХК-иар ABLE системд бүртгэх, хэрхэн шийдвэрлэсэн, ямар хариу өгсөн эсэх, тухайн жилд хэдэн өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн зэрэг цогц шийдлийг бий болгосон. Энэ нь яамны бүх албан хаагчдад нээлттэй төдийгүй “олон нийтийн хэлэлцүүлэг” гэсэн цахим буланд асуудлыг хэлэлцүүлж хэвшүүлсэн.

            Яамны “Хөдөлмөрийн дотоод журам” /журмын 3, 4-р зүйлд тусгасан/-д албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай  шалгуурыг ерөнхийлөн зааж, ажлын байрны тодорхойлолтод тусган, хэрэгжилтийн тайланг улирал бүр авч, хяналт тавьж байна. Энэ нь шинээр болон дэвшүүлэн томилохдоо мерит зарчмыг удирдлага болгон ажиллахад зайлшгүй харгалзан үзэх ёстой үзүүлэлт болдог.

Барилга, хот байгуулалтын сайдын  эрхлэх асуудлын хүрээний байгууллагын албан хаагчдыг сургах хүрээнд дараах сургалт, түүнтэй холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэв:

 

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газраас ТА-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар 3 удаагийн мэдээллийг хийж, яамны болон харьяа байгууллагын албан хаагчдыг оролцуулсан. Уг арга хэмжээнд нийт 78 албан хаагчид оролцсоны 15 удирдах албан тушаалтан,  63 албан хаагчид байв.

Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг яам болон түүний харъяа төрийн байгууллагууд нийт ажилтнууддаа жилд тогтмол хийж байгаа бөгөөд төрийн албанд анхлан орж буй ажилтнуудад тусгайлан зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна. Мөн уг асуудлыг хариуцсан мэргэжилтэн АТГ-аас зохион байгуулагдсан сургалт, семинарт тогтмол оролцож, яамны нийт албан хаагчдад танилцуулга хийн мэдээллээр ханган ажиллав. Тайлант хугацаанд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвийн авлигын эсрэг сургалтын хөтөлбөрийн хүрээнд тус яамнаас нийт 57 албан хаагчийг оролцуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн байгууллага нь “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны А/134 дүгээр тушаалын хавсралтаар “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2018 онд батлан хэрэгжүүлж ажиллалаа.  Төлөвлөгөөнд тусгасны дагуу “Төрийн байгууллагын стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, үнэлгээ”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Албан хэрэг хөтлөлт”, “Бүтээн байгуулалт барилгын салбарын менежемент болон  удирдах албан тушаалтны үүрэг хариуцлага”, “Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт”, “Нягтлан бодогчийн сургалт”, “Сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, техник болон програм хангамжийн хэвийн ажиллагаа, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлын хангалт”, “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудад зориулсан чадавхийн сургалт”, “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн сургалт”, “Полимер мембран Logicroof-ыг ашиглах, суурилуулах аргачлал”, “Цэг тэмдэгт, байр зүйн зураг, инженерийн шугам сүлжээний  мэдээллийн санг хөтлөх сургалт”, “Геологи, орчны мэдээллийн сан, газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сангийн хэрэглээ”, “Инженер хайгуул, мониторингийн мэдлэг, мэдээлэл солилцох сургалт”, сумын даамлуудад зориулсан  “Цэг тэмдэгтийн мэдээллийн сан хөтлөх, том, дунд машстабын байр зүйн зургийн жижүүрлэлт хөтлөх, тодруулалт, шинэчлэлт хийх аргачлал”, “Бохир усны шугам сүлжээ ба цэвэрлэх технологи /ахисан түвшний/ ”, “Эрчим хүчний хэмнэлттэй барилга”, “Төрийн захиргааны менежерийн магистрын сургалт”, “Хот төлөвлөлт ба тогтвортой хөгжил /магистрын/”, “Монгол Улсад эрчим хүчийг хэрхэн хэмнэх ба байгаль орчныг хамгаалах”, “Авлигын эсрэг”, “Бодлого, төлөвлөлт, хэрэгжилт” сэдвүүдээр дотоод гадаадад    зохион байгуулагдсан урт богино, дунд хугацааны сургалтуудад мэргэжилтнүүдийг давтан сургалаа.

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192 дугаар тушаалаар Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх барилгын салбарын төрийн бус, мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулах, дүгнэлт зөвлөмж гаргах үүрэг бүхий Сонгон шалгаруулах хороог байгуулж ажилласан бөгөөд тус хорооны дүгнэлт, төрийн бус байгууллагуудын түншлэлийн хүсэлтийг үндэслэн Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, геодезийн тусгай зөвшөөрөл, барилгын салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт эрхлэх чиг үүргийг барилгын салбарын түншлэлд гэрээгээр гүйцэтгүүлж байна. Тухайлбал: “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай” гэрээг “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагатай 2018 оны 01-р сарын 25-ны өдөр байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2018/18 дугаар уг гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдалд тухай бүр үнэлгээ өгч ажиллаж байна. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг салбарын төрийн бус байгууллага "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ /төрийн бус байгууллагуудын түншлэл/-тэй ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн байдлын талаар барилга, хот байгуулалтын яамны mcud.gov.mn, https://tz.mcud.gov.mn/, http://mnca.mn хаягаар орж мэдээллийг авах боломжтой. Одоогийн байдлаар Барилгын тухай хуулийн 34.1.13-д заасан “Архитектор, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл” /цаашид “зөвлөл” гэх/-ийн үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргийг Монголын архитекторуудын эвлэлээр гүйцэтгүүлэхээр сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 169 дүгээр тушаалаар; Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан "барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;” чиг үүргийн хүрээнд “Барилгын салбарын архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын чиг үүрэг”-ийг Монголын архитекторуудын эвлэлээр гүйцэтгүүлэхээр  сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 170 дугаар тушаалаар;Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан "барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;” чиг үүргийн хүрээнд барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалт эрхлэх чиг үүргийг “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр сайдын 2017 оны 215 дугаар тушаалаар тус тус шилүүлсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах, эс биелүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл хийж, шилэн дансны мэдээлэлд оруулах мэдэгдлийг тендер нээсэн тухай бүр гаргаж байх үүрэг даалгаврыг тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нар болон Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, мэргэжилтэнд өгсөн. Өмнөх саруудад өгөөгүй байсан мэдэгдэх хуудсыг нөхөн гаргуулж шилэн дансны мэдээллийн санд нөхөж оруулсан.

Яамны шинэчлэгдсэн цахим хуудсанд “Авлигыг мэдээлэх утас” баннерыг байршуулсан.

  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засгийг боловсронгуй болгоход чиглэсэн "Цахим засаглал үндэсний хөтөлбөр" боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт тус яамыг төлөөлж ажилласан. Энэхүү ажлын хэсэгт Барилга, хот байгуулалтын салбарын цахим засгийн чиглэлээр хэрэгжүүлж болох цахим үйлчилгээг судлах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дүн шинжилгээ, анализ хийх зэргээр салбарын оролцоог ханган ажиллав.
  • Барилга, хот байгуулалтын яамны цахим хуудсыг шинэчлэх ажил хийгдэж дууссан. Энэ ажлын хүрээнд цахимаар өргөдөл гомдол хүлээн авах модуль, цахим хэлэлцүүлэг, санал асуулгын модуль, салбарын хэмжээнд мөрдөгдөх хууль, дүрэм журам, норм нормативийн бичиг баримтын нэгдсэн сангийн модуль зэрэг шинэ боломжуудыг цахим хуудасны програм хангамжид хөгжүүлж ажилласан.  Мөн Барилгын салбарын тусгай зөвшөөрлийг цахимаар хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж, www.tz.mcud.gov.mn цахим системийг туршилтын байдлаар ашиглалтад оруулсан. Энэ цахим систем нь Төрийн мэдээлэл солилцооны ХУР системтэй холбогдож байгаа ба бусад төрийн байгууллагын мэдээллийн сан руу ХУР системээр дамжин холбогдох боломжтой юм. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэдээс шаарддаг зарим төрлийн лавлагаа, тодорхойлолт зэргийг ХУР системээс татаж авах боломжтой. Энэхүү нэгдсэн сүлжээг бий болгосноор мэдээлэл солилцооны хурд өсөж, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой болж байна.
  • Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомжийн нэгдсэн судалгааг гаргаж, яамны веб сайт, able системд байршуулсан. Сайдын хэм хэмжээ тогтоосон 124 шийдвэрийг яамны цахим хуудаст байршуулсан.
  • Шилэн дансны хуулийн дагуу яамны урсгал зардал болон барьцаа хөрөнгөтэй холбоотой 5 сая төгрөгөөс дээш 5,594.5 сая төгрөгийн 127 ширхэг гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд тухай бүр нь байршуулсан. Мөн тухай бүр, сар бүр, улирал бүр, жилээр оруулах мэдээ мэдээллийг шилэн дансанд байршуулсан.
  • Сайдын тушаал 10 боть, ТНбД-ын А,Б тушаал 5 боть, Барилгын салбарын хэмжээнд ажил гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээ 13 боть, 2013 оны гэрээ 14 боть хадгаламжийн нэгжийг цахим хэлбэрт оруулж бүртгэсэн.
  • Байгууллагын сул орон тоог зарлах холбоосыг http://mcud.gov.mn цахим хуудасны үйл ажиллагааны ил тод байдал→ хүний нөөц→сул орон тооны зар хэсэгт байршуулсан. Мөн ажлын байрны сул орон тоо гарах бүрд захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж www.csc.gov.mn цахим хуудсанд зарлуулдаг.

Сүлжээний аюулгүй ажиллагааг хангах зорилгоор Palo alto 220 төхөөрөмжийг шинээр худалдан авч, суурилуулан ажилласан.                                                              

Авлига ашиг, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, хүсэлт хүлээн авах зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулаад байна. Тухайлбал: Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн ажлын хүрээнд байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийг хэрэглэгчдэд түргэн шуурхай түгээх зорилгоор https://geoportal.nsdi.gov.mn хаягийг ажиллуулж байна. Үүнд: 

-  Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлал

-  Улаанбаатар хот, Төв аймаг - Зуунмод хот орчмын төлөвлөлтүүд

-  Бэлчээрийн фото мониторинг

-  Хөдөө аж ахуйн мэдээ, мэдээлэл

-  Газрын дуудлага худалдааны байршил

-  Геологи орчны мэдээллийн сан (туршилт)

-  Нийгэм эдийн засгийн мэдээллийн сан

-  Авто болон төмөр замын төлөвлөлт

Газрын биржийн цахим систем: Газар зохион байгуулалтын бүх төрлийн төлөвлөгөө, Газрын кадастрын мэдээллийн сан болон Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн экологи, геологи орчны мэдээллийн сантай давхцуулан байршилд суурилсан дээрх мэдээ, мэдээллийг www.mle.mn хаягаар авах боломжтой. Үүнд:

  • Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа
  • Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт
  • Газар өмчлөх болон эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбогдсон арилжаа
  • Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ болон газартай холбоотой бусад мэдээлэл

Интернет орчинд гар утас ашиглан Газартай холбоотой бүхий мэдээллийг www.gazar.gov.mn хаягаар олон нийт авах боломжийг бүрдүүлсэн.

Өргөдлийн дугаар, Регистийн дугаараар хайх

-           Өргөдлийн төрөл

-           Өргөдөл өгсөн огноо

-           Өргөдлийн явц

-           Хариуцсан мэргэжилтэн

-           Шилжүүлсэн мэргэжилтэн

-           Мэргэжилтний утасны дугаар

Нэгж талбарын дугаар, гэрээний дугаар хамт хайх

-           Газар ашиглалтын төрөл

-           Гэрчилгээний дугаар

-           Гэрээ байгуулсан огноо.

-           Гэрээний дуусах хугацаа

-           Газрын төлбөрийн мэдээлэл

-           Газрын төлбөр төлсөн байдал

-           Талбайн хэмжээ

 

Аймаг, сум, хаягаар хайх

 

-           Нэгж талбарын дугаар

-           Талбайн хэмжээ

-           Баг/хороо

-           Хаягийн мэдээлэл

Хэрэглэгчийн нэр, нууц үг ашиглан хайх

-           Нэг удаа газар өмчилсөн эсэх

-           Газар ашиглалтын төрөл

-           Захирамжийн огноо

-           Нэгж талбарын дугаар

-           Талбайн хэмжээ

-           Хаягийн мэдээлэл

-           Захирамжийн дугаар

-           Захирамжийн огноо

-           Өргөдлийн дугаар

 

Обектын мэдээлэл харах

-           Нэгж талбарын дугаар

-           Хаягийн мэдээлэл

-           Талбайн хэмжээ

-           Зориулалт

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгжийн жагсаалтыг байгууллагын https://mcud.gov.mn/as/tz цахим хаягт байршуулан тухай бүр шинэчилж байна.

Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг яамны https://mcud.gov.mn/as/projectnews цахим хаягт байршуулан мэдээллийг тухай бүр шинэчилж байна.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Барилга, хот байгуулалтын яам болон “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-тай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх, тусгай зөвшөөрлийн урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаа, нэг цэгийн үйлчилгээ, үйлчилгээний хураамж норм нормативын сангийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ны хооронд хийсэн.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т төвлөрсөн норм, норматив боловсруулах сангийн орлогыг 2018 оны 01 сарын 25-наас 2018 оны 06 сарын 01-ны өдөр хүртэлх хугацааг хамруулан шалгасан болно. Үүнд:

 

2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн норм, норматив боловсруулах сангийн шимтгэл: 

Барилгын хөгжлийн төвийн төвлөрүүлсэн – 514,031.5 мянган төгрөг

МБҮАссиосацийн төвлөрүүлсэн - 450,976.6 мянган төгрөг,

ГЗБГЗЗГазраас өмнөх оны төвлөрүүлэлт 361,197.9 мянган төгрөг нийт 1,326,206.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

 

Барилгын салбарт хэрэгжиж буй хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн ажлын хэсэг 2018 оны 01 сарын 10-ны өдрөөс тус яаман дээр ажиллуулж эхэлсэн. Энэхүү ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 84 дугаар тушаалаар батлагдсан “Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах  аргачлал”-ын дагуу хийсэн. Одоогийн байдлаар :

  • Барилгын тухай хууль
  • Газрын тухай хууль
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль
  • Орон сууцны тухай хуулиудад дээрхи аргачлалын дагуу дүн шинжилгээ хийгээд байна.

Дээрх ажлын хүрээнд Барилгын тухай хуулийг холбогдох  хуулиудтай харьцуулж үзсэний үндсэн дээр нийт давхардал-2, Зөрчил-2, Хийдэл-1 тогтоосон байна. Мөн Барилгын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж Сайдын зөвлөлд танилцуулж, холбогдон гарах дүрэм журмыг бүрэн боловсруулж, батлуулаад байна.

Газрын тухай хуулийг холбогдох хуулиудтай харьцуулан судалсны үндсэн дээр  давхардал-7, Зөрчил-19, Хийдэл-25 илрүүлсэн байна.

Мөн Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах санал боловсруулах үүрэг бүхий техникийн ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 56 дугаар тушаалаар баталсан.

Ажлын хэсэг нь тус салбарт холбогдох хүчин төгөлдөр мөрдөж байгаа 200 орчим хуулийг судлаж, Засгийн газар болон яам, харьяа агентлаг, мэргэжлийн холбоо, нутгийн захиргааны байгууллагууд, албан тушаалтнуудад хуулиар тогтоосон бүрэн эрхийг нэг бүрчлэн түүвэрлэж, чиг үүргийг ангилан шинжилж дараах байдлаар тодорхойлж, салбарын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох саналыг боловсруулсан бөгөөд ЗГХЭГ-т тайланг 2 удаа хэлэлцүүлсэн бөгөөд function.gov.mn шинэ програмд боловсруулсан шинжилгээ үнэлгээг оруулаад байна.

Худалдан авах ажиллагааны хүрээнд тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах, эс биелүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл хийж, шилэн дансны мэдээлэлд оруулах мэдэгдлийг тендер нээсэн тухай бүр гаргаж байх үүрэг даалгаврыг өгсөн.

            Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх арга хэмжээний хүрээнд:

 

  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд яам, салбарын бодлого үйл ажиллагаа нь иргэн аж ахуйн нэгж байгууллагад хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх, барилга, хот байгуулалтын салбарын 2017 оны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх хэрэглэгчийн үнэлгээг "Хөгжлийн зөв зам" ТББ гүйцэтгэн, дүнг яамны удирдлагуудад танилцуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. 

Барилга, хот байгуулалтын салбар дахь төрийн зохицуулалт, бүртгэл, зөвшөөрөл, хяналтын механизмыг хараат бусаар, хөндлөнгийн байр суурьнаас нарийвчлан судлаж авлигын эрсдэлийг тодорхойлж байгаагүй боловч “Монголын маркетингийн судалгааны ассоциаци” ТББ-аас анх удаа энэхүү үнэлгээг хийж, тайланг 2018 оны 12-р сарын 23-ны өдөр тус яаманд хүлээлгэж өглөө. Энэхүү хөндлөнгий үнэлгээний зөвлөмжид туссан асуудлыг 2019 онд хэрэгжүүлэх Авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Орон нутаг дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах арга хэмжээний хүрээнд:

 

  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Авлигатай тэмцэх газрын дэргэдэх  Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яаманд ажиллах дэд зөвлөлийн гишүүдтэй 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Тус зөвлөл нь  С.Энхбадрал, С.Төмөрбаатар, Гэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалнты ёс зүйд хяналт тавих чиглэлээр тус яам болон АТГ-тай хамтран ажиллана.

 

Тайлант хугацааны эцэст тус яамны 62 албан хаагчийн ХАСХОМ-ыг авч хянан тайланг бэлтгэж байна.

 

 

 

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан