БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Үүний зэрэгцээ зөвлөгөөнд оролцохоор ирсэн 21 аймгийн салбарын удирдах ажилтнууд болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй МОН-3388, МОН-3713 төслийн хүрээнд аймгийн төвүүдэд 3000м3, сумдад 50-310м3 лагийг боловсруулах хүчин чадалтай биологи цэвэрлэгээний байгууламж барьж ашиглалтад оруулах ажлыг эхлүүлээд байна.
Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд тус цэвэрлэх байгууламж бүрэн ашиглалтад орсон бөгөөд цэвэрлэх байгууламжаа дагаад томоохон үйлдвэрүүд баригдаж эхэлсэн байна.
Цэвэрлэх байгууламж нь механик цэвэрлэгээний блок, биологи цэвэрлэгээний блок, элсний талбай, лагийн талбай, үйлдвэрийн барилга, захиргаа аж ахуйн барилга, дэд өртөөний барилга, бохир ус, дренажийн насосны станц, лаг боловсруулах цехээс тус тус бүрдэнэ.