Гэр хорооллын 220 айл өрх инженерийн шугам сүлжээнд холбогдож, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагджээ
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас "Сервис центр" төслийг санаачлан салбарын инженерүүд, эрдэмтдийн санал, зөвлөгөөг тусган, төслийн ТЭЗҮ-ийг 2017-2018 онд боловсруулсан.
Тэгвэл энэхүү төслийн эхлэл болох УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн дэмжлэгээр Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт хэрэгжсэн "Сервис центр" буюу "Дэд бүтцийн төв" -ийн үйл ажиллагаатай өнөөдөр /2020.01.08/ БХБЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар очиж танилцаж, санал солилцлоо.
"Сервис центр" төслийн эхний байршил Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт 221 нэгж талбарыг хамран, 14 га газарт төвлөрсөн зуух, инженерийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, авто зам, талбай, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг 2019 онд ашиглалтад бүрэн оруулаад байна.
Одоогийн байдлаар тус дүүргийн Хувьсгалчдын 11-15-р гудамжны 220 айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр бохир усны шугаманд холбогдож, үйл ажиллагаа нь жигдрээд байгаа бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 200 гаруй айлын янданг буулгаж чаджээ.
Үүний үр дүнд тус бүс нутагт агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа амины орон сууц, хаус барьж ая тухтай амьдрах нөхцөл бүрдснийг иргэд, оршин суугчид хэлж байна.
Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбож, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор дараагийн ээлжинд Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт уг төслийг хэрэгжүүлэхээр холбогдох ажлыг БХБЯ-наас эхлүүлээд байна.
Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь өмчлөл, эзэмшлийн газраа 2-3 өрөө байраар солихоос илүүтэйгээр тухай орчиндоо инженерийн шугам сүлжээ хангамжийг авч өөрсдийн амьдрах нөхцөлөө сайжруулан үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байдаг гэсэн үр дүн гарсан байна.
Цаашид Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд бүтцийн шийдэл бүхий жишиг хороо, гудамж болгох зорилгоор “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийг шинээр бий болгох асуудлыг иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн засаг даргын тамгын газар, дүүрэг, хороодтой хамтран шийдвэрлэх юм.