Сүхбаатар аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх гэрээ байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн L3388 болон L3713-МОН төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг нийт 9 аймгийн төвүүдэд хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологи цэвэрлэгээний байгууламж баригдана.
Эдгээрээс Өвөрхангай, Архангай аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн ажил 2018, 2019 онд дуусч ашиглалтанд ороод байна. Харин Өмнөговь аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 75%, Дорноговь аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 40%, Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 52%, Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 55%, Хэнтий аймгийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 10%-ийн гүйцэтгэлтэй байна.
Тэгвэл өчигдөр /2019.12.30/ “Сүхбаатар аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний ажлууд”-ыг гүйцэтгэх гэрээнд захиалагчийг төлөөлж Барилга, Хот байгуулалтын яам, Төслийн удирдах нэгж, Гүйцэтгэгчийг төлөөлж “Хүрд” ХК, “Хөнан Байхуй Энвайронментал Протекшн” ХХК нарын түншлэл гарын үсэг зурлаа.
Төсөл хэрэгжсэнээр Сүхбаатар аймгийн төвд хоногт 3000м3 хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтанд орно. Энэхүү цэвэрлэх байгууламж нь биологи цэвэрлэгээний блок, механик цэвэрлэгээний блок, үйлдвэрийн барилга, лаг, элсний талбай, захиргаа аж ахуйн барилга, цахилгааны дэд өртөө, харуулын байр, цэвэрлэгдсэн усны насос станц, дренажийн болон бохир усны насос станцын барилгууд болон гадна цахилгаан хангамж, бохир усны шугам, гадна зам талбай, тохижилтын ажил, цэвэрлэх байгууламжийн холбооны шилэн кабелийн ажил болон аймгийн төвийн бохир ус зайлуулах шугамын ажлуудаас бүрдэх юм.