ЭМГЭНЭЛ

ГАНЖУУРЖАВЫН  ЛУВСАНДОРЖ
/1938-2019/

    Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат барилгачин, МАЭ-ийн нэрэмжит шагналт, зөвлөх архитектор Ганжууржавын Лувсандорж 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүнд өвчний учир таалал төгсөж, Монголын архитекторууд, зураг төсөл зохиогчдод, Барилгын салбарт хүнд гарз тохиолоо. 
 
Манай ахмад архитекторуудын нэг, авьяаслаг архитектор Г.Лувсандорж нь 1938 онд Улаанбаатар хотноо мэндэлж, 1946-1956 онд Нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургуульд, 1956-1966 онд БНСЧУ-ын Прага хотын Техникийн дээд сургуульд суралцан төгсөж инженер-архитектор мэргэжил эзэмшжээ. 

Архитектор Г.Лувсандорж 1966 оноос Улсын барилгын зургийн институтийн орон сууц, иргэний барилгын зургийн товчоонд архитектор, хэсгийн ахлагч, бригадын дарга, группийн дарга, Барилга, Архитектур, Техник Хяналтын Улсын Хорооны хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж, 1978-1983 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1988-1990 онд Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байсан. 

Архитектор Г.Лувсандорж Монголын архитектурын шилдэг бүтээл болох В.И.Ленины музейн барилга, Хувьсгалын музейн барилга, НАХ-ын музей, Худалдаа хөгжлийн банкны барилга, МИАТ ХХК-ийн контор болон Төрийн ордны өргөтгөл, УИХ-ын танхимын дотор засал  чимэглэл зэрэг 80 гаруй барилгын зураг төслийг зохиож, Монгол Улсын Төрийн шагнал, Гавьяат барилгачин цолоор, МАЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагдсан билээ. 

Архитектор Г.Лувсандоржийн хөдөлмөр, алдрыг Төр засгаас үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиудаар шагнажээ. Г.Лувсандорж нь Монгол оронд орчин үеийн архитектурыг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан манай шилдэг авьяаслаг архитекторуудын нэг байсан. Тэрээр Монголын архитекторуудын уран бүтээлийг эмхтгэн "Хүн хорвоо" номыг бичсэн билээ.

Архитектор Г.Лувсандоржийн авьяас, хөдөлмөрч  чанар, бүтээсэн уран бүтээл бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.      

    Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд  гүн эмгэнэл  илэрхийлье.
                                   
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН, ДЭД САЙД Б.МӨНХБААТАР, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР,  МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ, АХМАДЫН ХОРОО

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан