ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ТАЛААР СОЛИЛЦОВ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа болон яамны удирдлагуудыг хүлээн авч уулзан, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, эрх зүйн орчны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүд нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд бүрэн нийцсэн, бусад салбарын бодлоготой уялдаа холбоотой байх шаардлагатайг хэлсэн юм.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй, түргэн шуурхай, хүнд сурталгүй, авлигагүй орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолсон. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг хийж хэрэгжүүлнэ. Тухайлбал Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай, Газрын багц хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар бэлтгэж байна. Мөн салбарт мөрдөгдөж буй 1046 дүрэм, журам, цаг үедээ нийцэхээ больсон стандартыг цэгцэлж, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусган, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэсэн юм.
Хот байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 2025 онд улсын хэмжээнд 45 сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү ажлын гол зорилго нь хүн амын хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зохицуулж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чиглэж байгаа бол орон сууцны нөхцөл байдлын тухайд Ерөнхий сайдын өгсөн орон сууцжуулалтын асуудлыг шийдвэрлэх чиглэлийн хүрээнд холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр барилгын материалын үйлдвэрлэл, хангамжийн чиглэлээр тусгайлсан бодлого боловсруулж, Орон сууцжуулалтын банктай уялдуулан салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
