Эмгэнэл

ДОЛГОРСҮРЭНГИЙН ХАЙСАМБУУ

/1947-2026/

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн гишүүн, зөвлөх архитектор, “Барилга архитектур корпораци” ХХК-ийн ерөнхий захирал Долгорсүрэнгийн Хайсамбуу нь 2026 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.

Д.Хайсамбуу нь 1947 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.

1971 онд МУИС-ийн Барилгын инженерийн тэнхимийн иргэн, үйлдвэрийн барилгын ангийг барилгын инженер мэргэжлээр төгсч Улсын барилгын зургийн төв институтэд зургийн техникч, ахлах техникч, инженер, ерөнхий инженер, товчооны дарга, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал хүртэл дэвшин ажиллаж 1990 оноос Архитектур, хот байгуулалтын хүрээлэнгийн захиралаар томилогдон ажилласан байна.

1980-1983 онд Москва хотын Архитектурын институтэд дэд доктор, 1993 онд мөн сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр барилга байгууламж, орон сууцны барилгын архитектур төлөвлөлт, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийн төлөвлөлт болон олон нийтийн барилга байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр 270 гаруй хэвлэлийн хуудас, нийт 18 ном товхимол, техникийн үндэсний баримт бичиг, норм, нормативыг боловсруулж үйлдвэрлэлд шилжүүлэн 70 гаруй барилга байгууламжийг ашиглалтанд оруулжээ.

1995 оноос сургалт судалгаа,  туршилт үйлдвэрлэлийн “Барилга архитектур корпораци” ХХК-ийн ерөнхий захирлын албыг хашиж барилгын зураг төсөл,техникийн баримт бичиг боловсруулах, эрдэм шинжилгээ судалгаа, барилгын материалын сорилт, шинжилгээ, импортын болон дотоодын барилгын материал бүтээгдэхүүнд баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулж Тохирлын гэрчилгээ олгох ажлыг анхлан амжилттай гүйцэтгэсэн юм.

Д.Хайсамбуу нь ШУТИС-ын Барилга архитектурын  сургуулийн докторын  зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар Их сургуулийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Боловсролын яамны дэргэдэх Архитектур, үйлдвэрийн дизайн, инженерийн шугам зургийн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийхийн зэрэгцээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн гишүүнээр 2014-2026 он хүртэл тасралтгүй 12 жил ажилласан эрдэмтэн зөвлөгч, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манай шилдэг инженерүүдийн нэг байлаа.

Талийгаачийн барилгын салбарт хийсэн бүтээсэн ажил хэрэг, хөдөлмөр зүтгэл, нөхөрсөг, хүнлэг, нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН,

ДЭД САЙД С.ЭНХБОЛД,  ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, АЛБАН ХААГЧИД.

2026.01.20

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан