ЭМГЭНЭЛ

ГЭНДЭНГИЙН БУД
/1946-2026/
Монгол Улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер, “Наран рашаан” ХХК-ийн захирал Гэндэнгийн Буд нь 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.
Г.Буд нь 1946 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт төржээ.
1965 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургуулийг алтан медальтай төгсөж улмаар 1965-1970 онд тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд суралцан "Дулаан, хий хангамж, салхивчийн инженер" мэргэжил эзэмшжээ.
Барилга, Барилгын Материалын Үйлдвэрлэлийн Яамны (ББМҮЯ) томилолтоор Нийгэм ахуйн барилга трестэд ажлын гараагаа эхэлж, 1970-1971 онд Ниймэм ахуйн барилга трестийн дулааны шугам угсралтын 1-р ангид барилгын даамал, ангийн ерөнхий инженер, 1973-1978 онд Нийгэм ахуйн барилга трестийн ерөнхий инженер, 1978-1980 онд ББМҮЯ-нд мэргэжилтэн, 1980-1992 онд Нийгэм ахуйн барилгын удирдах ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий инженер, 1992-2002 онд Нийгэм ахуйн барилгын "Монинжбар" ХК-д ерөнхий захирал, 2002-2004 онд гүйцэтгэх захирал, 2004-2007 онд зөвлөх хийж байжээ.
2005 онд нийгэм ахуйн барилга угсралт, зураг төслийн “Наран рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж 1800 гаруй объектийг амжилттай дуусгаж, шинжлэх ухааны ололтыг хослуулан аймгуудын цэвэрлэх байгууламж, нэг маягийн зураг төсөл зохиох ажлыг гардан хийж их барилгын салбарт тасралтгүй 55 гаруй жил ажилласан манай шилдэг удирдан зохион байгуулагч байсан төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манай шилдэг инженерүүдийн нэг байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэл, ажил үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 1986 онд, 1996 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2021 онд “Гавьяат барилгачин” цолоор тус тус шагнажээ.
Талийгаачийн барилга, нийтийн аж ахуйн салбарт хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, нөхөрсөг, хүнлэг, нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН, ДЭД САЙД С.ЭНХБОЛД, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, АЛБАН ХААГЧИД.
2026.01.05