ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН "УС-ДУ" ОНӨААТҮГ-ЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2025.08.15/ Говьсүмбэр аймгийн “УС-ДУ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /ОНӨААТҮГ/ 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлантай танилцав.
Тус газар нь өвөлжилтийн бэлтгэл хангахаар 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 100 хувийн биелэлттэй 10 ажил 50-67 хувийн биелэлттэй 5 ажил байна. Төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 58 хувьтай үргэлжилж байгаа талаар “УС-ДУ” ОНӨААТҮГ-ын захирал Б.Ганзориг танилцуулгадаа дурдав.
Тус аймгийн нийт шугам сүлжээний 50 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Тиймээс аймгийн төвийн дулаан хангамжийн эх үүсвэрийн өргөтгөл шинэчлэлт хийх, Ганзам багийн 1,2,3 дугаар зуухны насжилт өндөртэй шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх ажлын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай болсон гэв.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг холбогдох байгууллагуудтай хамтран ирэх оны төсөвт суулгах талаар ярилцана гэдгээ илэрхийлээд салбар яамтай уялдаа холбоотой, хурдан шуурхай ажиллах үүрэг чиглэл өглөө.