ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох албан тушаалтнууд Говьсүмбэр аймагт ажиллав. Улмаар аймгийн удирдлагуудтай уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөлтэй танилцаж, аймагт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан дараах саналыг илэрхийлэв.
Тодруулбал, тус аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг халаалтын нэгдүгээр зуух 1989 онд, хоёрдугаар зуух 1988 онд, гуравдугаар зуух 1957 онд ашиглалтад орсон бөгөөд 36-68 жилийн насжилттай дээрх гурван зууханд өргөтгөл шинэчлэлт засвар үйлчилгээ хийх шаардлагатай болжээ.
Тиймээс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Засаг дарга Т.Бат-Эрдэнийн саналыг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан шийдвэрлэхээ илэрхийлж, хурдан шуурхай уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов.